Өөдрөг үзэлтэй хүмүүс илүү урт удаан амьдардаг

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-29 13:28:09

ЛОНДОН. /Би-би-си/. Өөдрөг үзэлтэй хүмүүсийг гутранги үзэлтэй хүмүүстэй харьцуулахад урт удаан, аз жаргалтай амьдрах магадлал илүү өндөр байдаг гэсэн дүгнэлтийг Америкийн хэсэг бүлэг эрдэмтэн судалгааны дүн дээрээ үндэслэн гаргажээ.  


Судалгаанд 70 орчим эмэгтэй, 1.5 мянга гаруй эрэгтэй оролцсон байна. Массачусетс муж улс дахь Бостоны их сургуулийн анагаахын сургуулийн мэргэжилтнүүд судалгаанд оролцогчдын амьдралдаа хандах хандлагаас нь хамаарч эрүүл мэндийнх нь байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглажээ.


Түүнчлэн оролцогчид ямар амттанд илүү дуртай байдгаа болон архи, тамхи зэрэг хорт зуршлынхаа талаар ярьсан байна. Өөдрөг үзэлтэй хүмүүсийн урт удаан амьдрах магадлал гутранги үзэлтэй хүмүүсээс 11-15 хувиар илүү байсныг судалгааны дүн харуулжээ.


Эерэг бодолтой хүмүүст 85 хүртлээ наслах боломж илүү байдгийг эрдэмтэд цохон тэмдэглэжээ. Ийм үр дүн гарсныг эрдэмтэд өөдрөг үзэлтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө илүү хялбар хянаж чаддагтай холбон тайлбарлажээ. Цаашлаад сэтгэл санааны хямралын сөрөг үр дагавраас өөрсдийгөө илүү сайн хамгаалж чаддагтай нь холбож үзсэн байна.


“Сэтгэл санааны хямрал нь хүний дархлааны тогтолцоонд нөлөөлдөг учир өөдрөг үзэлтэй хүмүүсийн янз бүрийн халдварт өвчинтэй тэмцэх чадвар илүү сайн байх магадлатай юм” хэмээн Бристолийн их сургуулийн профессор Брюс Худ ярьсан байна. 

Холбоотой мэдээ