Хятадад баривчлагдсан зохиолчийг тагнуулч хэмээн буруутгасныг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-29 15:14:30

СИДНЕЙ. /9News/. БНХАУ-д баривчлагдсан зохиолч Ян Хэнжуныг Австралийн талд тагнуул хийсэн хэмээн буруутгасныг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон няцаажээ.


“Ян Хэнжуныг Австралийн талд тагнуул хийсэн гэж үзэж байгаа нь огт худал юм. Бид урьдынх шигээ иргэнээ хамгаалж дэмжих болно. Иргэнээ хамгаалж байгаагийнхаа төлөө бид уучлалт гуйхгүй” хэмээн Моррисон мэдэгджээ.


"Хятадын бүрэн эрхт байдлыг бид хүндэлж байгаа хэдий ч Хятад улс Австралийн иргэнийг шударгаар шүүх хэм хэмжигдэхүүнийг дагаж мөрдөнө гэж найдаж байна. Түүнд зохистой хандаж, хүний эрхийг дагаж мөрдөнө гэж найдаж байна” хэмээн тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ.


Хятад гаралтай Австралийн зохиолч Ян Хэнжун нь Хятадын коммунист намын шүүмжлэгч, эрдэмтэн, блогер бөгөөд өмнө нь Хятадын Гадаад хэргийн яаманд ажиллаж байжээ. АНУ-аас Хятадад хүрэлцэн ирэх үедээ буюу өнгөрсөн 1 дүгээр сарын 18-нд тэрбээр алга болсон байна.


Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй хэргээр сэжиглэгдэж байгаа Ян Хэнжуныг баривчлан саатуулсан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны  төлөөлөгч 1 дүгээр сарын 24-нд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ