Бахрейны Хаант Улсад хавсран суух Элчин сайд З.Чинтүшиг Итгэмжлэх жуух бичгээ барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-29 17:11:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг энэ сарын 27-нд Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барилаа.


Энэ үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.


Хаан Хамад Бин Иса Аль-Халифа Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. 


Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Элчин сайд З.Чинтүшиг энэ сарын 28-нд Бахрейны Гадаад хэргийн сайд Шейх Халед Бин Ахмед Аль-Халифад бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Монгол Улс, Бахрейны Хаант Улсын хооронд 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Холбоотой мэдээ