Чихрийн шижин өвчний эсрэг тэмцэхийг уриалав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-07 12:24:59

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулж байна.

Дэлхий дахин хотжиж амьдралын хэв маяг, хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин, тэр дундаа сахарын шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт дарамт учруулж байна.

Дэлхий дээр чихрийн шижин өвчний тархалт жилд 7 сая хүнээр нэмэгдэж 2014 оны байдлаар 422 сая хүн өвчилсөн нь насанд хүрсэн хүн амын 8.5 хувь юм.   

Манай улсын хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн байдлыг 2013 оны халдварт бус өвчний шаталсан судалгаанаас харахад нийт насанд хүрсэн хүн амын 6.9 хувь буюу 15 хүний 1 нь чихрийн шижин өвчтэй, 8.3 хувь буюу 12 хүн тутмыг 1 нь далд хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй байна. Сүүлийн 10 жилийн байдлаар чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөд 6 дахин, нас баралт 4 дахин нэмэгджээ.

Чихрийн шижин өвчний эрсдэл хүчин зүйлс манай иргэдийн дунд өндөр байна. Тухайлбал, 3 хүний 1 нь илүүдэл жинтэй, 5 хүний нэг нь таргалалттай, хүн амын тал орчим хувь нь дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй, жимс, хүнсний ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин бага, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Иймд хувь хүн, айл өрх, хот айл, хамт олноороо идэвхтэй хөдөлгөөн хийх, өөх тос, чихрийн хэрэглээг бууруулах, хийжүүлсэн ундаа, найруулдаг жимсний болон бусад төрлийн шүүс, архи тамхины хэрэглээ зэргийг хязгаарлан жимс, ногоог түлхүү хэрэглэсэн эрүүл хооллолтыг сонгож, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэн хэвшүүлж чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг эмч, мэргэжилтнүүд уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ