"Дордуулсан гэх долоон өөрчлөлт"-ийг засах зарим саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 11:30:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор санал хураах ажлыг үргэлжлүүлж байна. 


Ингэхдээ 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн "дордуулсан гэх долоон өөрчлөлт"-ийг засах саналын томьёоллоор санал хурааж байна. Тухайлбал, УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн "22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална" гэсэн саналын томьёоллыг гишүүдийн 95.2 хувь дэмжлээ. Мөн тус төслийн "27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна" гэсэн саналыг 91.9 хувийн саналаар дэмжив.


Одоо төслийн "28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна" гэсэн саналтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.


Холбоотой мэдээ