ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТОВЧООН

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-09-02 11:46:01

1932 он - Японы арми Манжуурыг бүрэн эзэлснийхээ дараа Манж-Го хэмээх тоглоомын улсыг байгуулав. Япончууд тус улсыг ЗХУ, БНМАУ болон Хятадыг эзлэн авах түшиц газар болгон хувиргалаа.

1935 оны 1-р сарын 24 - Япон-Манжийн цэрэг Халхын сүм дэх Монголын хилийн харуулын застав руу дайрав.

1935 оны 1-р сарын 31 - Япон-Манжийн явган цэргүүд БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү дахин довтолж нэвтрэв.

1935 оны 6 дугаар сар - БНМАУ болон Манж-Го улсын хооронд хилийн шугамыг тодорхойлох хэлэлцээ эхэллээ.

1935 оны 11 дүгээр сар - Монгол-Манжийн хэлэлцээ тасалдав.

1936 оны 1-3 сар Япон-Манж-Го улсын цэргүүд 10 гаруй удаа зэвсэгт халдлага үйлджээ.

1936 оны 3 дугаар сар - Японы армийн штабын дарга, генерал Итагаки мэдэгдэхдээ “Монгол нь Япон-Манжийн гадаад бодлогод чухал байр эзэлнэ” гэв.

1936 оны 3 дугаар сарын 12  - БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай Протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

1936 оны 3 дугаар сарын 24 - Энэ өдрийн15 цагийн орчимд Японы цэргийн хэсэг албан хаагчид Буйр нуурын эрэг дэх “Монгол загас” хилийн застав руу дайрав.

1936 оны 3 дугаар сарын 26 - 200 орчим хүнтэй Японы цэргийн салбар анги тухайн застав руу дахин довтолжээ.

1936 оны 3 дугаар сарын 26 - Монголын хилчид ухарч байгааг ажиглаж байсан хил зөрчигчид Халх голыг гатлан дээрх заставын байрыг эзлэн авав.

1936 оны 3 дугаар сарын 29 - Японы цэргийн томоохон отряд хилээс 45 км-ийн зайд орших Адагдулааны застав руу дайрчээ.

1936 оны 3 дугаар сарын 31 - 72 ачааны машин бүхий Япон-Манжуурын цэргүүд 12 танк болон хуягт машин, 4 нисэх онгоцоор дэмжүүлэн Адагдулааны застав руу дахин дайралт хийлээ.

1936 оны 9 дүгээр сар - Сөргөлдөгч талууд олзлогдсон цэргүүдээ солилцов. Монголын Булан дэрсний заставын 12 цэрэг эх орондоо буцаж ирлээ.

1939 оны 1 дүгээр сарын 16 - Номунхан-Бүрд овооны орчим Японы таван цэрэг Монголын хилийн харуулын дөрвөн цэрэг рүү гал нээв.

1939 оны 1 дүгээр сарын 17 - Номунхан-Бүрд овооны өндөрлөгийн орчим Японы 13 цэрэг Монголын гурван хилчин рүү довтолж, заставын даргыг олзлон нэг хилчнийг шархдуулжээ. 2 дугаар болон 3 дугаар сард япончууд болон баргууд 30 орчим удаа Монголын хилчид рүү дайрсан байна.

1939 оны 3 дугаар сар - Квантуны арми Халхын голын районд байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө боловсруулж дуусгав.

1939 оны 4 дүгээр сар - Квантуны армийн командлагч, генерал К.Уэда хил орчмын бүст цэргийн ажиллагаа явуулах тушаал өгчээ.

1939 оны 5 дугаар сарын 11 - Япон-Манжуурын 300 хүнтэй морин цэргийн анги БНМАУ-ын нутаг дэвсгэрт 15 км гүн цөмөрч, хилийн застав руу довтлов.

1939 оны 5 дугаар сарын 14 - Дээрхтэй адил дайралт дахин давтагдав. Заставын байрлалд 52 бөмбөг хаяснаар Японы нисэх хүчний дайралт эхэллээ.

1939 оны 5 дугаар сарын 17 - Зөвлөлтийн цэргийн бүлэг болон Монголын хуягт дивизион Халх голын район руу хөдлөв.

1939 оны 5 дугаар сарын 19 - ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар В.М.Молотов Москвад суугаа Японы элчин сайд Тогод Зөвлөлтийн Засгийн газрын албан ёсны мэдэгдлийг гардуулан өгөв.

1939 оны 5 дугаар сарын 21 - Номунхан буюу Халхын голын районд байрлаж буй БНМАУ-ын цэргийг устгах тушаалыг Японы командлал өгчээ.

1939 оны 5 дугаар сарын 22 - Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голыг гатлан япончуудыг хилийн шугам хүртэл шахан хөөв. Хамар давааны орчимд анх удаа агаарын тулаан болж, талууд нэг нэг онгоцоо алджээ.

1939 оны 5 дугаар сарын 27  - Зөвлөлтийн нисгэгчид Хамар давааны орчимд дайсны онгоцуудтай дахин агаарын тулаан хийв.

1939 оны 5 дугаар сарын 28 - Монголын 6 дугаар морьт дивизийн анги нэгтгэлүүд Зөвлөлтийн цэргийн ангиудтай хамт Халх голыг гаталж, хилээс 10 км-ийн зайд орших Тамсагбулагт хамгаалалтын байрлал эзэлжээ.

1939 оны 5 дугаар сарын 28 - 2500 орчим хүний бүрэлдэхүүнтэй Японы армийн анги нэгтгэлүүд Монгол-Зөвлөлтийн цэргийн ар талд тойрон гарч бүслэн авахын тулд давшилтад оров. Япончууд их буу, нисэх хүчин, хуягт техникээр хүчтэй дэмжүүлж байсан боловч бүслэх төлөвлөгөө нь биелсэнгүй.

1939 оны 5 дугаар сарын 29 - “Дуглас” маркийн зорчигч тээврийн 3 онгоц Москвагаас Монголыг чиглэн тусгай үүргийн нислэгээр хөөрлөө. Онгоцны бүхээгт Испани, Хятадад байлдаж туршлага суусан Зөвлөлтийн 48 шилдэг нисгэгч байв. Тэднээс 20 орчим нь ЗХУ-ын баатар цолтой ажээ.

1939 оны 5 дугаар сарын 29 - Монгол-Зөвлөлтийн цэрэг давшилтад орж, дайсныг хилийн шугамын гадна талд хөөн гаргав. 1939 оны 6 дугаар сар Г.К.Жуков 57 дугаар тусгай корпусын командлагчаар томилогдов. Түүний туслахаар Монголын морьт цэргийн командлагч, корпусын комиссар Ж.Лхагвасүрэнг томилжээ.

1939 оны 6 дугаар сарын 22, 24 ба 26 - Агаарын тулалдаан маш ширүүн өрнөж байлаа. Талуудын хүч ойролцоо, 50-60 нисэх онгоцтой байв. Энэ өдрүүдэд болсон тулалдаанд Японы тал 50 гаруй онгоцоо алдав.

1939 оны 6 дугаар сарын 26 - Зөвлөлтийн радиогоор “ТАСС бүрэн эрхийнхээ дагуу мэдэгдэж байна” гэсэн үгс цуурайтаж эхлэв. Халхын голын эргээс ирж буй мэдээллийг Зөвлөлтийн сонинуудад нийтэлж эхэлжээ.

1939 оны 6 дугаар сарын 27, 28 - Сөнөөгч онгоцуудаар халхлуулсан Японы бөмбөгдөгч онгоцууд Зөвлөлтийн нисэх онгоцны буудлууд руу дайрав.

1939 оны 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө - Японы цэргийн бүлэглэл дахин давшилтад шилжин Халх голын баруун эрэг дэх Баянцагаан уулыг эзлэн авлаа. Энэ уул Манж-Го-гийн хилээс 40 км оршдог.

1939 оны 7 дугаар сарын 3   - 38 мянган хүний бүрэлдэхүүнтэй Японы цэрэг Халх голын зүүн эрэг дэх түшиц газрыг эзлэн авах зорилгоор БНМАУ-ын нутагт дэвсгэрт цөмрөн оров.

1939 оны 7 дугаар сарын 4-5 - Баянцагаан ууланд цус урсгасан ширүүн тулалдаан боллоо.

1939 оны 7 дугаар сарын 8 - Японы тал Халхын голын зүүн эрэг рүү ихээхэн хэмжээний хүчээр довтлов.

1939 оны 7 дугаар сарын 11 - Японы цэрэг өмнөх байрлал руугаа ухрав.

1939 оны 7 дугаар сарын 23 - Их бууны галын бэлтгэл хийсний дараа япончууд голын баруун эрэгт байрлаж буй Зөвлөлт-Монголын цэргийн түшиц газар руу дайрав. Гэвч хоёр өдрийн тулалдааны эцэст япончууд өмнөх байрлал руугаа ухарлаа.

1939 оны 8 дугаар сарын 20 - Зөвлөлт-Монголын цэрэг давшилтад орсон нь Японы командлалын хувьд огт санаандгүй явдал байлаа.

1939 оны 8 дугаар сарын 21, 22 - Японы цэрэг маш шаргуу хамгаалах тулалдаан хийв.

1939 оны 8 дугаар сарын 26 - Зөвлөлт-Монголын цэргийн өмнөд ба умард бүлгүүдийн хуягт танкийн болон механикжуулсан анги нэгтгэлүүд Японы 6 дугаар армийг бүрэн бүслэн авлаа.

1939 оны 8 дугаар сарын 29, 30 - Хайлааст голын баруун биед сүүлчийн тулалдаанууд үргэлжилсээр...

1939 оны 8 дугаар сарын 31 - БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы цэргээс бүрэн чөлөөлөгдөв.

1939 оны 9 дүгээр сарын 4 ба 8 - Япончууд БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү дахин өнгөлзсөн боловч 500 орчим цэргээ алдан хилийн шугамаас цааш ухрав.

1939 оны 9 дүгээр сарын 9 ба 16 - Газрын байлдаанд ялагдал хүлээсэн япончууд агаарын тулаанаар хариугаа авахаар шийджээ. Зөвлөлтийн нисэх хүчин энэ өдрүүдэд түүхэнд анх удаагаа пуужин хэрэглэсэн байна.

1939 оны 9 дүгээр сарын 15 - ЗХУ, БНМАУ болон Японы хооронд байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээрт Москва хотод гарын үсэг зурав.

1939 оны 9 дүгээр сарын 16 - Энэ өдрийн 14 цагаас байлдааны ажиллагаа бүрэн зогсчээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ Тойм сэтгүүл Дугаар 20. 2014 оны 8 дугаар сар

Холбоотой мэдээ