50 дугаар цэцэрлэг бяцхан шавь нараа шинэ байрандаа угтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-02 16:00:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1550 цэцэрлэгт 175 мянган хүүхэд багачууд суралцаж байна. Энэ онд улсын хэмжээнд 93 цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Шинэхэн байраа хүлээн авч буй Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо.

Хүн амын нягт суурьшилтай тус дүүргийн 3, 7 дугаар хорооны хүүхдийг хамран сургадаг тус цэцэрлэг ийнхүү 12 бүлэгт 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ байртай болсноор зэргэлдээх 61, 204 дүгээр цэцэрлэгийн ачаалал буурах юм.

Салбарын сайд хэлсэн үгэндээ “Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 14455 хүүхдийг шинээр хамруулах боломж бүрдэж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 88.1 хувьд хүрч байгааг дурдаад салбарын яам сургалтын хөтөлбөрөө сайжруулах, багш нараа сурган чадавхжуулах ажлуудыг үе шаттай хийж байна, мөн эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, гуравласан гэрээ байгуулж ажиллана” гэдгээ илэрхийллээ.

280 хүүхдийн хүчин чадалтай шинэ байр биеийн тамирын болон бялдаржуулах урлаг, дуу хөгжмийн нэмэлт танхимтай бөгөөд барилгын ажлыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ.

Барилгын ажлыг богино хугацаанд, чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн Ц.Амарсайхан захиралтай “Билэгт багана” ХХК-ийн хамт олонд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, салбарын сайд талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

 

 

Холбоотой мэдээ