Зүрхний ховдол цоорхой хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-07 16:49:06

Цэргийн 032 ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Нийт зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулах юм.

“Сэлвэшн Арми” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь жил бүр зүрхний ховдол цоорхой гэх оноштой, зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдээс тодорхой тооны хүүхдийг сонгон хагалгаанд явуулдаг байна. Энэхүү үйл ажиллагаагаа 2008 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 61 хүүхэд эмчлүүлээд иржээ.

Энэ жил Баянзүрх дүүрэг болон Төв аймгаас нийт 50 гаруй хүүхэд эмчилгээнд явахаар бүртгүүлсэн байна.

Хүүхдүүдийн мэс заслыг БНСУ-ын Ансан хотын Данвон эмнэлэгт хийдэг аж. Тус эмнэлгийн дарга Ким Бен Ёл, “Өмнө жил эмчилгээнд яваад ирсэн хүүхдүүдээ харахад үнэхээр баяртай байна. Тэд үнэхээр сэргэлэн цовоо харагдахаас гадна их том болжээ. Энэ үйл ажиллагааны хувьд ганц хүүхэд бус тухайн гэр бүл, цаашлаад Монгол улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийг хүртэл хамтран ажилласан бүх байгууллагууддаа баярлалаа. Манай эмнэлэг цаашдаа ч энэ үйл ажиллагаанд оролцоно” гэлээ.

Дашрамд дурдахад, “Сэлвэшн Арми” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь БЗД-т үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх төв болон үсчин, гоо сайхан, англи, солонгос хэлний сургалтын төв ажиллуулдаг байна. 

Ж.Болор

Холбоотой мэдээ