Нефтийн дурсгалын хөшөөг босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-05 12:26:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын анхны хүнд үйлдвэрийн төв гэгддэг Зүүнбаян тосгонд нефтийн үйлдвэр байгуулагдсаны түүхт 70 жилийн ойгоор нефтийн дурсгалын хөшөөг босголоо.

Зүүнбаянгийн төвд оршдог газрын тосны анхны өрөмдлөгийн 40 тоннын даацтай, 39 метр өндөр цамхгийг 1963 онд газрын тосны үйлдвэрийн 15 жилийн ойгоор түүхийн дурсгал болгон авч ирж суурилуулж байжээ.

Тус цамхаг орчмын газрыг 2011 онд газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойгоор "Газрын тосны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн" болгон тохижуулж байсан бол  энэ жил Монголд анхны газрын тосны үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд нефтийн дурсгалын хөшөөг Газрын тосны газар, "Доншен газрын тос Монгол" ХХК, Зүүнбаян тосгоны захиргаа, иргэдийн оролцоотойгоор босгов.

Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барих ажлыг эхэлсэн бөгөөд дээрх бүтээн байгуулалт амжилттай хэрэгжвэл Зүүнбаян Монголын экспорт, импортын ачаа эргэлтийн тодорхой хувийг хангах томоохон суурин, хүн ам ихтэй, бүтээн байгуулалт өрнөсөн хот болно.

Холбоотой мэдээ