Новосибирскийн их, дээд сургууль, коллежтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-06 09:58:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид “Азийн уулзалт, олон улсын форум”-д оролцжээ.

Бүс нутаг хоорондын боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх Азийн уулзалт, олон улсын форум” наймдугаар сарын 28-30-ны өдөр  ОХУ-ын Новосибирск хотод болсон. Үүнд, Орос, Монгол, Лаос, Камбож, Казахстан зэрэг найман орны төлөөлөгчид оролцсон аж.

Тус форумд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид мөн оролцож, боловсролын салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцоод ирлээ.

Тэд Новосибирск хотын их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Улмаар Хөдөө аж ахуйн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Новосибирскийн их сургуулийн харьяа Мэргэжилтэй ажилтан бэлтгэх коллеж болон тус хотын Боловсрол, соёл, урлагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Ингэснээр Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн төгсөгчид Новосибирскийн их, дээд сургууль, коллежид элсэн суралцах,  Хөгжил политехник коллежийн оюутнууд тус хотод үйлдвэрлэлийн дадлага хийх, соёлын байгууллагын ажилтнууд харилцан туршлага солилцох, ОХУ-ын зарим их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан өдөрлөг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ