Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Эскпо” ӨМӨЗО-д эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-06 10:16:22
NandiaMontsame

Улаанцав /МОНЦАМЭ/. Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын эскпо” ӨМӨЗО-ы нийслэл Хөх Хот, Улаанцав, Тунляо хотуудад эхэллээ. Энэ сарын 6-10-ны хооронд үргэлжлэх уг үйл ажиллагааны үеэр хоёр улсын үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно.


Өмнөх буюу 2015, 2017 оны "Монгол-Хятадын экспо"-д давхардсан тоогоор 700 орчим аж ахуйн нэгж оролцож, 2.28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт бичиг байгуулснаас гадна 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн. Харин гурав дахь удаагийн экспод манай 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулах, үйл ажиллагаагаа сурталчлах нөхцөл боломжоор хангагдаж байна. Энэ нь хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой. 




Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч байна. Экспог Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин нар тэргүүлж оролцох ба Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.


Энэ удаагийн “Монгол-Хятадын Экспо” хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу “Бүс ба зам” санаачилгын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриатайгаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 




Түүнчлэн энэ удаагийн экспог Монголын талаас ХХААХҮЯ, ГХЯ, БСШУЯ, ЗТЯ, ХЗДХЯ, ЭМЯ, БОАЖЯ, ХНХЯ, УУХЯ, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Стандарт хэмжил зүйн газар, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд манай талаас 1200 орчим зочид төлөөлөгч оролцоно.


Харин БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Хууль зүйн танхим, Соёлын танхим, Боловсролын танхим, Шинжлэх ухааны танхим, ӨМӨЗО-ны үндэсний танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.



Холбоотой мэдээ