“Ногоон паспорт” аяны хүүхдүүд Бээжинд аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-07 10:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аянд манлайлсан 21 аймгийн төлөөлөл шилдэг хүүхдүүдийг салбарын сайд хүлээн авч уулзлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэдэнд сурлагын амжилт хүсээд үе тэнгийнхэн болон томчуудад үлгэр дуурайлал үзүүлж буйд талархан байгальд ээлтэй ирээдүйн эзэд болохыг захилаа.

Байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх ажлыг амжилттай эхлүүлээд байгаа бөгөөд “Ногоон паспорт”-оо амжилттай хөтөлж, бусдыгаа манлайлсан 21 аймгийн төлөөлөл шилдэг сурагчид Бээжин хотод 7 хоног аялах эрхээр шагнуулсан юм.

Энэ оны байдлаар Ерөнхий боловсролын 543 сургуулийн ахлах ангийн 50 мянган сурагч “Ногоон паспорт” хөтөлж байгаа бол 2022 он гэхэд Ерөнхий боловсролын 778 сургуулийн ахлах ангийн 168 мянган сурагч “Ногоон паспорт” олгох юм. Аяны хүрээнд, БОАЖЯ-наас “Ногоон паспорт” эзэмшигч сурагчидтай хамтран 21 аймагт тус бүр 2.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч бүхий “Ногоон төгөл” байгуулах ажлыг амжилттай эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ