Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2019-09-08 13:06:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 7-8-ны өдөр болж байна.


Энэхүү анхдугаар өдөрлөгийг Хятадын олон улсын шувууны өдөрлөг байгууллагын санаачилгаар БОАЖЯ, НБОГ, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика трэйвел компани зэрэг 20 шахам байгууллага хамтран зохиож байна.

Хоёр улсын шувууны судалгаа, хамгаалал, сурталчилгааны ажил эртний түүхтэй ч ийнхүү анх удаагаа хамтран өдөрлөг зохион байгуулж байгаа аж. Тус хамтарсан өдөрлөг нь Монгол оронд үржиж, Хятадад оронд өвөлждөг нүүдлийн шувууд болон бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх зорилгоор өдөрлөгт шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлээр ажилладаг хувь хүн, байгууллагууд идэвхтэй оролцож байна.


Энэхүү өдөрлөгийн нээлтийн үеэр БНХАУ-ын талаас Нийслэлийн IV сургуулийн сурагчдад шувуу ажиглах, дурандах хэрэгсэл бэлэглэсэн байна. Өдөрлөгийн хөтөлбөрт шувуу ажиглах аялал, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмж танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагааг багтаажээ.


Монголд 513 зүйл шувуу бүртгэлтэй байдгаас 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай. Харин Монгол, БНХАУ, БНСУ улс шувуудын нүүдлийн нэг зам дээр байрладаг. Тиймээс шувуу судлах хамгаалах нь зөвхөн нэг орны үйл хэрэг бус хамтын ажиллагаа байдаг. Энэ хүрээнд Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт урд хөршөөс шувуу судлах, хамгаалах чиглэлээр ажилладаг 30 гаруй судлаач, ажиглагч, Монголын талаас 50 орчим байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Шувуу ажиглах аялал нь эдийн засгийн асар их үр өгөөжтэй, “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд хэрэгжиж байна. Тухайлбал, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны түвшнээс гадна байгаль хамгаалал хамрагдаж байгаа юм. Монголд өндөглөдөг, үрждэг шувууд Зүүн өмнөд Ази, ялангуяа Хятад руу нүүдэллэдэг. Дэлхийд есөн нүүдлийн зам байдгаас гурав нь Монгол орныг дайрч өнгөрдөг. “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр шувуу хамгаалалтай онц холбоотой. Энэ өдөрлөгөөр дамжуулж шувуу хамгаалах ажлыг нийтэд тэр дундаа хүүхэд залууст сурталчлах, мэдлэг мэдээлэл өгөхөөр зорьж байгаа” гэж Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийн нээлтийн үеэр МУИС-ийн профессор, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатар онцолж байв.


Тус анхдугаар өдөрлөгөөр лекц, семинар, шувуу хамгаалах талын хэлэлцүүлэг болж оюутан залууст мэдлэг мэдээлэл өгөх юм. Өдөрлөг өндөрлөөд Монголын 10 гаруй, БНХАУ-ын 20 гаруй шувуу судлаач, ажиглагч Монгол орны шувууны нүүдлийн томоохон зам буюу Өгий нуур, Хустайн нуруу, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газраар шувуу дурандах аялал хийх юм байна.

Манай өмнөд хөршөөс уг өдөрлөгт оролцохоор ирсэн судлаач, шувуу ажиглагчдын нэг болон “Cun can xin” байгаль орчин хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Жан Цун Шу: “Би Монголд анх удаа ирж байна. Монгол оронд ирэхэд цэлмэг тэнгэр шууд нүдэнд туссан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөө өглөө олон шувуу харсан. Хотын төвд олон төрлийн шувуу байгаа нь маш сайхан санагдлаа. Шувуу судлаач, ажиглагчдын авдаг хамгийн сайхан мэдрэмж бол очиж байгаагүй байгальтай танилцаж, шувуудыг ажиглаж, таньж мэдэх. Хоёр орны шувуу ажиглагч, судлаачдад танилцах, туршлага солилцох, цаашлаад хамтын ажиллагааг өргөжүүлэх завшаан тохиож байна. Би 15 жил шувуу сонирхож, ажиглаж байна.

БНХАУ-д шувууны өдөрлөг олон зохион байгуулдаг бол Ази, Европт ч шувууны өдөрлөг жил бүр хийж байна. Би Малайз, Хонгконг, Сингапур, Тайваньд болсон өдөрлөгт оролцож байсан. Манай улсад шувуу ажиглах сонирхолтой нэг сая гаруй хүн бий. Тэдний ихэнх нь Монголд ирж шувуу ажиглахыг хүсдэг. Монголд байдаг, ажиглах боломжтой бүх л шувууг харахыг хүсэж байна” гэлээ.

Дашрамд сонирхуулахад, Шувуу дурандах, ажиглах аялал нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, мэргэжлийн түвшинд зөв зохион байгуулж чадвал эдийн засгийн үр өгөөжтэй, том зах зээл юм. Монголд ийм аяллыг хөгжүүлэх боломжтой ч системтэй, бодлогоор хөгжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд, судлаачид онцолж байна. Харин аялагчдын хувьд маш сонирхолтой шувуу ажиглах багийн гишүүн нас, хүйс, зэрэг дэвийн ялгаа огт байхгүй, ажиглагч  бүр тэгш эрхтэй байдаг. Тэд богино хугацаанд найзалж нөхөрлөн, хамтдаа хөгждөг.

Мөн шувуу ажиглах аялалд оролцогч ямар нэг шувууг ажиглах, зургийг нь авах гэж олон км алхаж ядарснаа мэдэрдэггүй. Иймд хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл хэмээх өнөө үеийн асуудлыг шийддэг нь эрүүл мэндэд ач тустай. Мөн аялагчдын ажигласан, зургийг нь авсан шувууг бүртгэлжүүлж, судалгааны эргэлтэд оруулснаар шувуу хамгаалах ажилд том тус болдог.

Өнөө цагт ухаалаг гар утас, компьютерын хэрэглээнээс үүдэн хүүхэд залуусын хараа муудах болсон. Харин шувуу ажигласнаар нүдний хараа сайжирдаг. Тиймээс ч Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС-ийн багш судлаачид, Монголика трэйвел компани эх орондоо шувуу ажиглах аяллыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх талаар сүүлийн 10 орчим жил ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ