Буркина Фасод 29 хүн халдлагын улмаас амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 10:40:44
Yesukheitumur Tumurbaatar

УАГАДУГУ. /VOA/. Баруун Африкийн Буркина Фасо улсын хойд нутагт хоёр халдлага болсны улмаас 29 хүн амиа алдсан байна.


Барсалого бүс нутагт газарт суурилуулсан тэсрэх бөмбөгийг ачааны автомашин дайрсны улмаас 15 хүн амиа алдсан бол Санматенга мужид хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан цуваа халдлагад өртсөний улмаас 14 хүн амиа алдсан гэж Буркина Фасогийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ремис Данджину мэдэгдсэн байна.


Уг халдлагын үеэр амиа алдсан хохирогчдын дийлэнх нь мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин явсан дүрвэгсдэд хоол хүнс хүргэхээр явсан тээврийн жолооч нар байсан гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлснийг “AFP” агентлаг иш татан мэдээлжээ.


Харин НҮБ-ын мэдээлснээр, Буркина Фасод болж буй үндэс угсаа, шашин хоорондын мөргөлдөөний улмаас 237 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Холбоотой мэдээ