Б.Мөнхдөл: Энэ жилийн “Дисковер Монголиа-2019” олон хүлээлтийн дунд болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-10 14:07:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саяхан болсон нүүрсний салбарын "Coal Mongolia-2019" чуулгантай залгуулаад энэ есдүгээр сарын 27-нд уул уурхай, хөрөнгө оруулалтын олон улсын “Дисковер Монголиа-2019” чуулга уулзалт уламжлал ёсоор манай улсад зохиогдоно. Энэ талаар чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга Б.Мөнхдөлөөс тодрууллаа.


-Энэ жилийн “Дисковер Монголиа-2019” хэд дэх удаагаа болох гэж байна. Хаанаас зохион байгуулж байна?

-Энэ удаа 17 дахь жилдээ болох гэж байна. Монголын уул уурхайн Үндэсний ассоциац, Монголын Бизнесийн зөвлөл, УУХҮЯ хамтран зохион байгуулах гэж байна. Та бүхэн мэдэж байгаа, “Дисковер Монголиа” нь Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт байдаг. Жил бүр болж манай улсын тулгуур багана болсон уул уурхайн салбарын хөгжил, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр болон төр, засгаас эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулж, салбарын бүхий мэдээллийг нэг дор авдаг юм. Мөн уул уурхайн салбарынхан хоорондоо уулзан ярилцаж, мэдээллээ солилцдог, хамгийн том талбар болдогоор онцлогтой байдаг.

-Энэ удаагийн чуулганы онцлог тэгвэл юу байна. Чуулганаас юу хүлээж байна вэ?

-Энэ жилийн чуулган орон даяар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг явагдаж байгаа үед болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор эрдэс баялгийн салбарын бодлого өөрчлөгдөх эсэх гээд хүлээлтийн байдалд болж буйгаар онцлог болно. Энэ үүднээс бид чуулганы өмнөх өдөр 26-нд эрдэс баялгийн салбарын бодлогыг танилцуулах уулзалтыг УУХҮ-ийн сайд болон төр, засгийнхныг урьж, манай чуулганыг ивээн тэтгэж буй байгууллагууд болон олон улсын хөрөнгө оруулагчдыг оролцуулаад, тэдэнд зориулан урьдчилсан байдлаар хийх гэж байна. Мөн УИХ-ын гишүүдтэй уулзаж, эрдэс баялгийн бодлогын талаар мэдээлэл солилцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор ашиг малтмалын хуулиудад ямар нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа, дагалдан гарах хууль эрхзүйн талаар ярилцана.



Мөн Монголбанкны удирдлагатай уулзаж, мөнгөний бодлого болон гадаад валютын нөөцийг бүрдүүлэх гол хөтөлбөр “Алт-2”-ын талаар мэдээлэл солилцоно. Мөн УУХҮ-ийн сайдын дэргэд ажиллаж буй Олон улсын зөвлөх багийнхантай уулзаж, Монгол Улсад хөрөнгө оруулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас тавьж буй саналыг салбарын сайдад шууд уламжлах, ийм уулзалтуудыг тус тус хийхээр төлөвлөөд байна. Энэ нь энэ удаагийн “Дисковер Монголиа”-ын гол онцлог байх болов уу. Дээрх үйл ажиллагаа нь чуулганы үеэр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд цаг давчуу, төлөөлөгчид санал солилцож, асуулт тавих цаг гардаггүйтэй холбоотойгоор ийнхүү урьдчилсан уулзалтуудыг төлөвлөөд байна.

-Чуулганд хэчнээн байгууллага, төлөөлөгчид оролцох вэ? Яг чуулганаар юу юу хэлэлцэх вэ? Гол хөтөлбөрөө танилцуулна уу?

-Оролцогч төлөөлөгчдийн хувьд өмнөх чуулга уулзалтуудад мянга гаруй хүн оролцож ирсэн. Түрүү хэлсэнчлэн Үндсэн хуулийн хэлэлцүүлэг болон ирэх оны УИХ-ын сонгуулийн жил, “Эрдэнэс Тавантолгой” олон улсын зах зээлд  IPO гаргах гэж буй, Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа гээд хүлээгдэж буй олон үйл явдалтай холбоотойгоор чуулганы тогтмол оролцогчдоос гадна гадаад дотоодын сонирхогч төлөөлөгчид энэ жил  нэмэгдэж оролцоно гэсэн хүлээлт байгаа.

Чуулганд оролцох нь нээлттэй, discovermongoliaforum.com гэсэн хаягаар орж бүртгүүлээд, мандат худалдан авч оролцоно. 26-ны урьдчилсан уулзалтад тусгай урилгаар оролцуулна. 27-ны үндсэн чуулганы мэдээллийг гадаад, дотоодын оролцогч, хөрөнгө оруулагчдад цахим сувгаар түгээж байгаа.

Яг чуулганы өдрийн хөтөлбөр гэвэл юуны өмнө уул уурхайн салбарынхан ашиг малтмалын лиценз, зөвшөөрөлтэй холбоотойгоор төр, засгаас, ялангуяа Засгийн газраас энэ жил болон сүүлийн саруудад авч буй уул уурхайн лицензүүдийг олноор цуцалж буй байдал, хайгуулын лицензийг хэзээ олгож эхлэх зэрэг хүлээлт, Засгийн газраас гарч буй бодлого, шийдвэрийн хэрэгцээ, шаардлагын талаар саналаа тавьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газар уул уурхайн салбарыг их дэмжин ажиллаж байгаа.

Гэхдээ энэ салбарынханд хүлээлт их байна. Энэ хүлээлтээс үүдэлтэйгээр дараагийн томоохон ордуудыг нээх, улбаалаад бүтээн байгуулалт өрнөх олон ажлыг одоо л шийдэж хийхгүй бол цаашид энэ салбарынханд боломж олдохгүй гэдгийг уул уурхайнхан хэлж байна. Үүнийг төр, засаг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Үүнийгээ энэ удаагийн чуулганаар илэрхийлэхээр төлөвлөж байна.

Мөн чуулганаар хэлэлцэх дараагийн чухал зүйл нь хариуцлагатай уул уурхайн хөгжлийн сэдэв байх болно. Төр, засгийн бодлого, шийдвэрээс гадна эрсдлийг тооцон ажиллах, нөхөн сэргээлт хийх зэргээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар уул уурхайн компаниудаас өөрсдөөс шалтгаалах зүйл их байна. Энэ талаар хэлэлцэж ярилцана. Засгийн газраас хайгуулын лиценз олгохгүй байгаагаас бүх зүйл бас зогсчихоод хайгуул хийхгүй байгаа юм биш, хайгуул хийж буй ААН, компаниуд байна. Амжилттай ч хийж байгаа компаниуд бас байна.

Нийтдээ манай улсын улстөрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан хайгуул хийж буй төдийгүй уул уурхайн бусад компаниудын үнэлгээ гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр доогуур байдалд байна. Энэ нь бас нэг талаар манай улсын гадаад хөрөнгө оруулалт болон бизнесийн орчинг сайжруулах хэрэгцээ, шаардлага уул уурхайн салбарт байна гэдгийг харуулж байна. Үүнийг чуулган дээр хариуцлагатай уул уурхайн сэдэвтэй уялдуулан хөндөж ярилцана.

Б.Болд

Холбоотой мэдээ