Financial Times: Олзлогдогсдыг солилцсон нь Европын Холбоонд хагарал үүсгэж байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-09-10 16:23:47

Орос, Украин хоёр олзлогдогсдоо солилцсоныг улс орнууд дэмжин сайшааж байгаа бол энэ үйл явдал нь Европын Холбооны хүрээнд “түгшүүр төрүүлж” байгаа бололтой.


Зеленский Оростой харилцаагаа сэргээх тал дээр “хэтэрхий цаашлаад явчих вий” хэмээн тус холбооныхон болгоомжилж байна. ЕХ-ны гишүүн орнууд, ялангуяа Балтийн орнууд, Польш улсын хувьд үйл явдал ийм маягаар өрнөхөд дургүй байгаа нь илт харагдлаа гэж нийтлэлч Майкл Пил, Генри Фой, Роман Олеарчик нар дүгнэн бичжээ.


Хоёр тал олзлогдсон хүмүүсээ харилцан солилцсон нь Москва-Киевийн болон Москва-ЕХ-ны ээдрээтэй харилцаанд шинэ хуудсыг нээж байгаа хэдий ч тухайн үйл явдалд хандах хандлага нь ЕХ-ны орнуудын дотор хагарал үүсгэж магадгүй байна. 


Талууд тус бүр 35 олзлогдогчийг сулласан явдал бол Орос, Украины хооронд 5 жилийн турш үргэлжилж буй хямралд гарсан нааштай эргэлт мөн гэж Европын зарим улсын удирдагчид сайшаан дүгнэж байна. Гэтэл бусад улс “2014 онд  MH17 дугаартай нислэг үйлдэж байсан Малайзийн нисэх онгоцыг Орост үйлдвэрлэсэн пуужингаар устгасан хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтнийг Оросын талд шилжүүлэн өгсөн явдалд” санаа зовниж байгаагаа илэрхийлэв. 


Украины салан тусгаарлагчдын цэргийн ангийн захирагч Владимир Цемах гэгч бол “нисэх онгоцны сүйрэлтэй холбоотойгоор шалгагдах ёстой хүн мөн” гэж Нидерландын мөрдөгчид үздэг. Нисэх онгоц сүйрсний улмаас амь үрэгдсэн 298 хүний дотор Голландын 200 орчим иргэн байжээ.


Хандлага ийм хоёрдмол зөрчилтэй байгаа нь Украины шинэ Ерөнхийлөгч В.Зеленский Орос улстай харилцаагаа сэргээхээр оролдож буй энэ үед талууд өөр өөрийн гэсэн санаа зорилготой байгааг харууллаа.  


Киев-Могиляны академийн профессор Алексей Харан-ы үзэж байгаагаар, олзлогдогсдыг солилцсон нь нэг талаас харахад “том амжилт” мөн боловч нөгөөтэйгүүр, буулт хийсэн болов уу гэх хардлагыг төрүүлж байгаа аж. “Оросын шоронд хэдэн жил суусан хүмүүсийн хувьд энэ бол ялалт гэдэг нь мэдээж, гэхдээ Путин яагаад байр сууриа өөрчлөв өө гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Зеленский түүнд чухам юу санал болгосныг бас мэдэхгүй, өөр бусад буулт тохиролцоо хийсэн ч байж магадгүй. Зеленский цаашид яах вэ, хэр зэрэг цаашилж ахих вэ гэдэгт л асуудлын гол нь оршиж байгаа юм” гэж профессор ярилаа.


Олзлогдогсдыг солилцсон явдлыг Оросын албаны хүмүүс Москва-Киевийн харилцаан дахь хурцадмал байдал намжиж байгаагийн шинж тэмдэг гэж ихэд хөөргөдөн мэдэгдэж байгаагийн сацуу дахиад солилцоо хийх боломжийн талаар яриад эхэлжээ.


4 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуугаар ялсан ноён Зеленский нэрт кино найруулагч Олег Сенцов болон өнгөрсөн онд Крымын эрэгт саатуулагдсан Украины 3 хөлөг онгоцны 24 усан цэргийг суллуулж чадсан нь улс орны дотоодод болон хилийн чанадад олны талархлыг хүлээсэн билээ.  


Герман улсын Холбооны Канцлер А.Меркель хэлэхдээ “олзлогдсон хүмүүс эх орондоо буцаж ирсэн нь итгэл найдварын бэлгэдэл” гэсэн байна. Мөн олзлогдогсдыг солилцсон нь ЕХ-ОХУ-ын харилцааг сайжруулахад чиглэсэн Финланд болон Францын хүчин чармайлтанд дэм тус болж байна.  


Одоогоор Финланд улс ротаци буюу эргэлтийн сонгуулийн зарчмаар ЕХ-г даргалж, тус холбооны бусад улстай харьцуулахад Орос улстай илүү нягт харилцаатай байгаа бол Францын Ерөнхийлөгч Э.Макроны дуу хоолой Европын гадаад бодлогод улам бүр давамгайлан сонсогдох боллоо.  Франц болон Оросын Гадаад харилцааны сайд нар даваа гарагт Москвад хэлэлцээ хийсэн нь 2014 оноос хойш болсон анхны уулзалт байв. Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто өнгөрсөн долоо хоногт “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Сири, Ливид дэгдсэн хямралыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэж төсөөлөхөд ч хэцүү” гэж онцлон тэмдэглэжээ.


Үүний сацуу Финланд, Франц хоёрын зүгээс Орос улс Минскийн хэлэлцээрийг биелүүлж, Украины нутаг дэвсгэрээс цэргүүд болон цэргийн техникээ татан гаргах ёстой гэдгийг онцлон мэдэгдсээр байгаа юм.


Гэсэн хэдий ч хурцадмал байдлыг намжаах асуудлаар ЕХ дотроо хагаралтай байгаа нь олзлогдогсдыг солилцсоны дараа ил боллоо.  Асуудлын гол нь ноён Цемахыг Орос улсад шилжүүлэн өгсөнд оршино.  Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок-ийн ярьснаар бол, Цемахыг солилцоонд хамруулахгүй байх хүсэлтийг Амстердамын зүгээс Украинд тавьсан аж. Үүний дагуу Голландын мөрдөгчдөд Цемахыг байцаах боломж олгох үүднээс Украины эрх баригчид солилцоог хойшлуулсан тухай сайд Блок Нидерландын парламентад явуулсан захидалдаа дурдсан байна.  


Цемахыг сулласан явдалд сэтгэл дундуур байгаа нь Путинтэй илүү ойр хамтран ажиллахыг хүсдэг ЕХ-ны гишүүн орнууд ба Украины асуудлаар хатуу чиг шугам баримталдаг Балтийн орнууд, Польш зэрэг улсуудын хооронд бий болсон хагарлыг улам гүнзгийрүүлэх бололтой. Латвийн Гадаад харилцааны сайд Линас Линкявичус твиттер хуудсандаа бичсэнийг үзвэл “Украины олзлогдогсод гэртээ харьсан нь чухал л даа, гэхдээ энэ бүхний “үнэ цэнэ” нь онгоцны сүйрэлтэй холбоотой гол гэрч болсон нь харамсалтай” гэжээ.


Цемахыг шилжүүлэн өгсөнтэй холбоотой шүүмжлэлүүдийн хариуд Зеленский хэлэхдээ “эрх баригчид солилцооны өмнө Цемахыг байцаасан, биднээс хүссэн тэр бүх зүйлийг бид хийсэн” гэсэн байна. 


Өөр нэгэн асуулт урган гарч ирсэн нь Москвагийн эсрэг авсан хоригоо чангатгасан АНУ-ын байр суурьтай холбоотой юм. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп сүүлийн үед  Путинд тал засч, Орос улсыг G7 бүлэгт дахин оруулахыг санал болгож байгаа билээ.


Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Курт Волкер твиттер хуудсандаа бичсэнийг үзвэл, тэрбээр олзлогдогсдыг солилцсон явдалд тун сэтгэл хангалуун байгаа аж. Гэхдээ Вашингтоны хувьд Путинээс илүү ихийг хүлээж байгаа гэдгийг тэрбээр маш тодорхой ойлгуулсан байна.


“Олзлогдогсдыг солилцсон явдал нь солилцоог цаашид үргэлжлүүлэх, гал зогсоох тохиролцоог сэргээн хэрэгжүүлэх, Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд түлхэц болно хэмээн найдаж байна” гэж Волкер онцлон тэмдэглэжээ.


Б.Адъяахүү 


Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20190910/245796043.html

https://www.ft.com/content/cdc80784-d243-11e9-8367-807ebd53ab77

 

Холбоотой мэдээ