Азийн Худалдааг дэмжих чуулган Монголд болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-11 17:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган маргааш есдүгээр сарын 12-нд манай улсад болох гэж байна.

Төрийн ордонд эхлэх уг чуулганыг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна. "Олон улсын түвшинд ЖДҮ бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо" сэдвээр болох олон улсын тус чуулганд 17 улсын 50 орчим зочид төлөөлөгч оролцох талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.

Чуулганд Монгол Улсыг төлөөлөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О. Амартүвшин “ЖДҮ бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвээр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В. Энхболд “Ази дахь худалдаа хөнгөвчлөл болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ. Чуулганд оролцох гадаадын төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай дээд хэмжээний уулзалт хийж, “Мишээл экспо”-д нээгдэх “Улаанбаатар Түншлэл” үзэсгэлэн худалдаагаар зочлох юм.


МҮХАҮТ нь Азийн Худалдааг дэмжих байгууллагын чуулга уулзалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Тус байгууллагын уулзалт нь 1995 болон 2014 онд манай улсад болж байв. 2014 оны 27-р ээлжит хуралдаан "Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татаx" болон "Ногоон бизнесийг дэмжин хөгжүүлэхэд ATPF-ын үүрэг оролцоо" сэдвээр болж, Япон, БНХАУ, БНСУ, Малайз, Энэтхэг зэрэг 19 орны 50 гаруй төлөөлөгч оролцож байв. 

Холбоотой мэдээ