“Банкир-2019” хөлбөмбөгийн тэмцээн 15 дахь удаагаа болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-12 14:21:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Банкир-2019” тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


Тус тэмцээний отгон аварга болох Капитрон банк 2019 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдөр зохион байгуулна. Нийт 15 дахь удаагаа болж буй хөлбөмбөгийн тэмцээнд Худалдаа хөгжлийн банк 4 удаа, Хас банк 3 удаа, Хаан банк 2 удаа, Төрийн банк 2 удаа, Голомт банк 2 удаа,  Капитрон банк 1 удаа түрүүлж аваргын цомыг өргөсөн байна. Харин 3 жил дараалан түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болох дүрэмтэй ч одоогоор 3 жил дараалан аварга болсон баг төрөөгүй байна.


Дашрамд дуулгахад, Монголын санхүүгийн салбарын 95 хувийг дангаараа бүрдүүлэгч банкны салбар 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн билээ. Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны нийт 31 банк байгуулагдан, банкны үйлчилгээг ард иргэддээ хүргэж байсан бол өнөөдрийн байдлаар 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банканд 15,000 гаруй банкир ажил амьдралаа холбон хөдөлмөрлөж байна. Жил бүр банкируудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх зорилгоор спортын олон төрлийн уралдаан, тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Анх 2004 онд Хас банк санаачлан дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн спортоор банкны салбарынхан анхны тэмцээнийг зохион байгуулсан түүхтэй. Банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын тодорхой хувийг мэргэжлийн тамирчид бүрдүүлдэг. Ялангуяа хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг, хөлбөмбөгийн холбооны дээд лиг, нэгдүгээр лиг, хоёрдугаар лигийн болон сонирхогчдын багуудад тоглодог тамирчид банкны салбарт цөөнгүй ажилладаг нь банк хоорондын тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог байна. 

Холбоотой мэдээ