ХИЛИЙН ЗУРВАСЫГ ЦАГ ХУГАЦААНААС АНГИД ТОЛЬДОХУЙ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-09-13 12:08:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Цуврал 1.


ЭХЛЭХ ЦЭГ ДЭЭРХ ЭЗЭНТЭЙ ЗУРАГ


Аялалд гарна гэдэг миний хувьд үргэлж ганцаардлын дагуултай санагддаг. Хэчнээн олон хүнтэй хамт, хэчнээн баяр хөөр, зугаатай байсан ч нэг тийм дүнсгэр төрхтэй, ганцаардлын эцэсгүй дайдад хөвөгч этгээд дотор минь суусаар байгаа нь мэдрэгдэнэ. Тийм дээ ч аялалд гарах нь нэг талаар хүнд бэрх даваа боловч нөгөө талаар өөрийгөө зугаацуулах боломж. Гэрээс гарахын урьд орой чемоданд хувцас, мишок, усны гутал, ариун цэвэр сахих хэрэгслүүд болон хэдэн ном хийгээд л замд гарахад бэлэн болчихов. Тэдгээр номон дунд замын туршид нэг ч удаа сөхөж харахгүй гэдгээ мэдэж байвч авч явахаар зэхсэн “Дурлалгүй ертөнцийн блюз” урьдынхаараа салбайж хуучирсан дүртэйгээр хэвтэнэ.
Яг л “өнөөх ганцаардлын дагуул энэ удаад ч намайг мөн орхихгүй нь дээ гэж бодогдохын сацуу өнөөх номыг авч тавиурт буцаан байршуулав. Уг нь ганцаардуулдаггүй зохиол. Харин одоо жинхнээсээ аялалд гарахад бэлэн.


“Эх орны төлөө” цогц хөтөлбөрийн нэгдүгээр шат болох “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн 2 дугаар маршрутад багтан Өлгий хотын зүг хүлгийн жолоо залж явахдаа цулгуй бор цаастай тэмдэглэлийн дэвтэрт “Эх орны төлөө. Улаанбаатар хот 2019.08.22 Хөдлөх цаг 9:10” хэмээн сараачиж үлдээсэн нь замын туршид дэлгэгдсээр үнгэгдсэн хуудсан дунд хуучин бэхээр таталсан мэт үзэгдэнэ. Аюурзаны хар ном хэчнээн өнгө алдаж үнгэгдсэн ч үсэг бүр нь тодоос тод дурайсаар л байдаг. Харин миний бичсэн тэдгээр үгс арван хэдэн хоногийн дотор ингэтлээ хуучрах гэж... Төслийн 2 дугаар маршрутад нийт 17 уран бүтээлчид багтсан бөгөөд тэднийг Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, АЖ дуучин Ш.Чимэдцэеэ, МУГЖ жүжигчин Н.Батцэцэг, МУСГЗ зураач П.Цэгмид, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугын одонт нэвтрүүлэгч С.Гантөмөр нар тэргүүлэн явна.


Үргэлж л хэн нэгэн найруулагчийн бүтээсэн сонгодог жүжиг, тоглолт үзэхээр зорьж асан Улсын Драмын Эрдмийн Театрын үүднээс бидний аялал эхэлж байна. Хаалгыг нь нээж ороод л улаан сандалд тухалдаг театрын үүднээс ховор сайхан газруудтай нь танилцаж, хилчин эрсийн оройн дуу сонсохоор эх орны баруун хязгаар луу хөдлөх болов. Бидэнд аялагчидтай адилтгах олон зүйл бий. Тэр нь хил орчмын онцгой бүс нутгуудад нэвтэрч түүхэн дурсгалт газруудыг үзэх, өөрсдийн очиж үзээгүй байгалийн сайхантай танилцах гээд цааш хөврөнө. Харин энгийн аялагчдаас ялгаатай нь өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжил, салбарын дагуу уран бүтээлээ туурвих үүрэг даалгаврыг авсан билээ. Нөгөөтэйгүүр тушаал авсан цэргүүд гэсэн үг. Цэргүүдэд тодорхой заавар, цаг хугацааны дагуу тушаал өгч тэд үүргээ гүйцэтгэдэг бол бидний хамгийн том давуу тал нь эрх чөлөө байлаа. Тэгээд ч улс орондоо эдлэх эрх чөлөө, амар амгаланг хилчид бидэнд олгодог тул тийш зорих замаас хоцорч үлдэх шалтгаан нэгээхэн ч үгүй юм.


Зураач П.Цэгмид өөрийн гарын үсгийг хавтсан дээр нь таталсан хүрэн улаан өнгийн гадар бүхий зургийн дэвтэр гаргаснаа автобусны дотор талаас гадагш харагдах нэгээхэн хэсгийг дор нь таталчихав. Эхлэх цэгийг ийнхүү тэмдэглэж авлаа. Замын туршид уул ус, заставын байшин, хөшөө дурсгал, хүүхэд багачуул гээд бүгдийг нь алдалгүй таталж зурсан хойно хажууд нь он сар, төрсөн сэтгэгдлээ бичих зургийн дэвтрийн эхний хуудас ингэж амилав. Энэ эхлэл дээрээс олон олон учрал, орхигдож гээгдэлгүй үлдэх амьд халуун дурсамжуудыг бүтээх өдөр хоногууд биднийг хүлээж байгаа. Гэвч алхаж очоогүй маргааш, туулж өнгөрүүлээгүй ирээдүй хоосон зүйл. Зураг нь харин эзэнтэй.


УМАРДЫН ХЯЗГААР


Монгол орны хамгийн баруун хойд захыг өөрөөр хэрхэн нэрлэж болох вэ гэж бодлоо. Мэдээж умардын хязгаар. Тийш хүрэх зам саад бартаа ихтэй бөгөөд хол. Харин иргэншлийн энэ зуунд унаж яваа техникт саад тохиохгүй л бол хоёр хоног амсхийх завгүй жирийлгэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий хот орчихно. Гэвч аялагчдад амсхийх чөлөө хэрэгтэй. Учир нь элчилгүй уудам монгол нутгийн умард хязгаарт хүрэх тэр л хоёр мянга гаруй км замын уртад байгаль эх онгон дагшин сүр үзэгдэлдээ ямархан түүх хүүрнэдэг болохыг нь үзэхийн тулд тогтсон газруудад буудаллах шаардлагатай болдог билээ. Харин Өлгий хот хүртэл тийм төлөвлөгөө бидэнд байсангүй.


Өвөрхангайгаар дайран өнгөрч Баянхонгорт хонож амарсны маргааш өглөө  Говь-Алтай, Ховд аймгийн нутгуудаар амралтгүй давхисаар дараа өдрийн үүрийн 3 цаг өнгөрөх үест зорьсон газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буудаллав. Эх орны минь умард хязгаар далайн түвшнээс 1710 метр өргөгдсөн энэ газарт элээ бүргэд хоёроос өөр жигүүртэн элин халин нисдэггүй болов уу гэмээр. Хаа нэгхэн шаазгайнууд үзэгдэх нь нэн содон. Байхгүйн дунд зарим зүйлс оршихуйгаа тунхагласан байх нь ямагт л гоёл чимэглэл шиг дэгжин харагддаг. Гэтэл яагаад ч юм тийм нэг гунигтай зүйл мэдрэгдээд болж өгсөнгүй.


Очсон газрынхаа эцэс төгсгөлгүй хоногуудын заримтай нь л нүүр тулж уулзах учир цаг мөч бүхэн үнэтэй. Тиймээс маршрутын хамт олон Өлгий хотын музейг үзэхээр санал нэгдэв. Тус музей нь анх 1948 онд байгуулагдсан бөгөөд 5331 ширхэг үзмэртэй гэдгийг музейн ажилтан хэлж өгөв. Болгоомжилсондоо ч тэр үү их ээрч байх шиг санагдсан учир үзмэрийнхээ тоог үнэн хэлсэн үгүйд дотроо жаахан эргэлзэж байлаа. Ямартаа ч сүүлийн 6 жилд ард иргэдийн дэмжлэгээр олон зуун шинэ үзмэртэй болж музейн сан хөмрөгийг баяжуулжээ.


Өлгий хотын хүн амын ихэнхийг казак үндэстэн бүрдүүлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин энд толгойндоо алчуур зангидсан Ислам шашинт эмэгтэйчүүд алхам тутамд зөрөн өнгөрөх нь содон харагдаж байв. Мэдээж Баян-Өлгий аймгийн далбаан дээрх шар өнгийн сар Ислам шашинт хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан бэлгэдэл гэдэг нь илэрхий байдаг ч өөрийн биеэр тэдгээр хүмүүсийг хараагүй учир л сонин харагдаж, содон мэдрэмж төрүүлсэн болов уу.


Баян-Өлгий бол уулсын диваажин болсон газар. Ёстой элгэн улаан уулсын энгэрт төрж өссөн хүмүүс энд аж төрөн сууна. Бүрэлдсэн цагаасаа эхийн хэвлий дотроос л тэдгээр хүмүүс чулууны халуун хүйтнийг, хатуу зөөлнийг мэдэрч эхэлдэг болов уу гэмээр шидийн бодол төрөх нь энүүхэнд. Хүчит салхи хэдийн сүр бадруулж ороолговч сүрдэм өндөр уулсын хад байц мөргөн номхорч, энгэр бараадаж нутаглах эндхийн иргэдийн зулайг нь зөөлөн илбээд л намжих шиг санагдана. Гэрлийн шон дээгүүр эгнэн суух элээ шувууд иргэншлийн сүүдрээс нэгэнт үргэхээ больжээ. Тэдгээр шувууд л Өлгий хотын аль хашаанд хэн сууж, альхан буланд нь ноход шөнийн харанхуйг өнгөрөөж үүрийн гэгээ угтдаг вэ гэдгийг мэдэх биз.


Хоймортоо ганц өндөр шилэн барилга, зүүхэн тал хавьцаа нь усан оргилуур байрласнаас өөр гоёлгүй том дөрвөлжин чулуун цемент бол Өлгий хотын төв талбай. Хэдэн мянган километрийн цаана орших улсын нийслэлд байх дүр зурагнаас ондооших юм бараг л үгүй. Хүүхдүүд зулайд нь ойрхон тусах нарны илчийг өндөр газрын сэрүүнээс болоод нэг их тоодоггүй болов уу гэмээр хөлсөө гартал гүйлдэж тоглоно. Холоос ирсэн хүмүүс төв талбайд унадаг дугуй л унах боломжтой. Харин казах үндэстний эд зүйлс, ховор нандин хийц бүхий сүлжмэл дээл хувцас, хутга хуй сонирхохыг хүсвэл жижигхэн мухлагууд төв талбайгаас хойш 100 метр явахад л хаа сайгүй тааралдана. Замд гарахын өмнө би тэнд Нүрлүтан гэдэг жаахан охинтой танилцаж хамт зургаа авахуулсан юм. Тэр надад “Та намайг казах болохоор хамт зураг авахуулж байгаа юм уу” гэв. Харин би “Бид бүгдээрээ энэ талбай дээр хамтдаа тоглосон болохоор” гэж хариултал мөрөн дээгүүр минь жижигхэн гараараа тэвэрч, инээмсэглэж байгаад гэрэл зургийн дурсамжид минь үлдсэн билээ.


Өлгий хотын дундуур шавар байшингуудыг нь хөх ногооноор эмжин Ховд гол урсан өнгөрнө. Ховд гол бол төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах манай орны хамгийн том гол. Эргээр нь хэд гурван шувууд нисэлдэж, намхан саарал байшингууд ярайн үзэгдэхийг нь машины цонхоор ширтэхүйд чимээ гаргаж хөндөмгүй нам гүм тэнд оршино. Эндхийн иргэд харин энэ л нам гүмийг огтоос анзаарч хараагүй мэт чанга ярилцан алхах нь ахуйдаа ерөөс тохирч өгсөнгүй шиг ээ. Бид торгон хилийн багана нэгтэй, тороор татсан зурвасынхаа наанаас эхлэх уужим дэлгэр нутаг, уул усныхаа эзэн болсон “нүүдэлчид” гэдэг ганц л нэртэй хүмүүс.


Эх орны минь хамгийн баруун хойд захад орших умардын Өлгий хотоос хөдөлж Увсын цэнхэр хязгаарыг зорих болов. Уулсын сүрийг бахдаж, Ховд голын усны өнгө хэрхэн ногоон туяа тунаруулан урсдаг тухай нэг машинд хамт суусан уран бүтээлчидтэй яриа хөөрөө үүсгэн явавч Нүрлүтан охины “Та намайг казах болохоор хамт зураг авахуулж байгаа юм уу” хэмээсэн нь сэтгэлээс гарсангүй. Бид хэн нэгнээс өөрсдийгөө л олж хардаг гэж бодогдохын сацуу нүдэнд нулимс цийлэгнэсэн ч хацар даган урсах зам нь хол гэдгийг мэдэж байлаа.


АЛХМЫН ЦААНА АЙЛЫН НУТАГ




Аяллын дөрөв дэх өдрийн орой Увс аймгийн Бөхмөрөн сум, “Булгийн эх” застав дээр ирж хоноглов. Хэдийн харанхуй залгиж шөнө болсон учир торгон хилийн багана, энэ хавийн байгалийн үзэсгэлэнт сайхныг өглөө харахаас өөр аргагүй тул хооллож ундлаад амрахаар хэвтэцгээлээ. Маргааш 2019 оны 8 сарын 26 –ны өдөр.


Яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ ахын хамт заставын байрнаас гарч баруун хойд дор байх Булгийн эхийг чиглэн алхлаа. Үнэндээ бол надад эргээ балбан урсах том гол шиг л санагдсан. Харин уулынхан булаг гэнэ. Ундаалж буй усан эрдэнээ тийн хүндэтгэн нэрлэдэг юм уу эсвэл томоохон мөрөн голууд Увсын цэнхэр хязгаараар таширлаж байхад жижиг голуудаа булаг гэдэг ч байж магадгүй. Ямартаа ч өглөө адуугаа хурааж явсан хилчин цэргээс энэ тухай асуугаагүй өнгөрөөчихсөн юм. Харин морийг нь гуйж мордоод жижигхэн гүүрэн дээгүүр гарч голын цаана хүрлээ.


Энэ үед би аавынхаа тухай ихэд бодсон билээ. Тэртээ алсад гээгдэж хоцорсон дурсамж уул ус, тунгалаг горхины чимээтэй хамт бодолд юүлэгдэнэ. Үнэхээр л “хосгүй баян, эгэлгүй тансаг” байгаль юм. Бороон дусал шиг л тунгалаг агаар цээж сэрүүцүүлэхэд дурсамж минь илүү амьд болов. Найман сарын яг энэ өдөр л би сургуульдаа явахгүй гэж эрхлэхдээ аавтайгаа хамт өдөржин адуу мал дээгүүрээ орж, айл хэсэж тарваганы махаар дайлуулж явснаа санадаг. Уруулаа өмөлзүүлж, усан нүдэлсэн хүүгээ аав минь ээжээс илүүтэй эрхлүүлдэг байж дээ. “Намайг дараа нь 8 сарын 31 –нд унаа олоод явуулчихаач, үгүй бол би аавдаа гомдоод хурдан морио сайн унахгүй шүү” гэхэд минь аав “Хоёулаа морио унаж яваад нуугдчихъя” гээд инээмсэглэж билээ. Аав минь гэхдээ хүүтэй байхын хэцүү, сайхныг адил тэгшхэн хүртсэн биз ээ. Үргэлжид миний өмгөөлөгч байж, бүтээсэн бяцхан зүйлийг минь дэвэргэн магтахдаа жижигхэн шар хүүгээ суутан болгочихдог байв. Хилийн зурвас хэдхэн алхмын цаана харагдах энэ л газрын хад асга бүрээс аавын хайр үзэгдэж, голын мөрний урсгал, зөөлөн салхинд сэрчигнэх өвсөн чимээнээс нь ээжийн дуу сонсогдох шиг болно. Увсын цэнхэр хязгаарын уулс, устай нь хамт аавыгаа дурслаа. Аав минь энэ л Монгол орны өндөр хөх уулсын чулуу, өргөн тунгалаг мөрний дусал бүхэнд хувилсан санагдана.


“Булгийн эх” заставын орчим дахь энэ нутаг ОХУ-ын Туватай хил залган оршино. Монгол, Оросын хос баганын архан талаар хилийн зурвас татсан байх бөгөөд алхмын цаана л айлын газар шороо үзэгдэнэ. Сүлдэт хилийн баганадаа мөргөв. Аяндаа цээжний цаанаас нэг тийм хий огшиж дүүрээд уйлчихмаар ч юм шиг болно. Энэ хорвоод ганцаар орших оршихуй гэж байдаггүй. Бүхий л зүйлс хоорондоо хамааралтай. Тэгвэл би бага насандаа ээж, ааваасаа хамааралтай байв. Гэтэл ээж, аав бид бүгдээрээ эх орондоо багтаж, эх орноосоо хамааралтайгаар оршихуйгаа бүтээдэг билээ.


“Далай орон минь дархан хилтэй
Дархан хил минь дайчин харуултай...”


Нэвтрүүлэгч С.Гантөмөр ах сүлдэт баганынхаа дэргэд ийн дуулна. Хамт явсан уран бүтээлчид хоолой нийлүүлэн цааш түрнэ. Цаг хугацаан дундаас өөрөө ч мэдэлгүй үл мэдэгдэх хаалгаар гараад явчихсан мэт анир гүм оргиж байсан тэр л чөлөөнд дуу эгшиглэж байна. Би яг л өглөөний нам гүм ахуйд оршиж асан энэ газарт цаг хугацаанаас ангид байсан тэр мэдрэмжтэйгээ цуг тэдний дуулахыг сонсоно.


Зураач П.Цэгмид ах, Б.Батжин, контемпрари уран бүтээлч Б.Энэрэл нар тэр хавийн байгалийн үзэсгэлэнг зургийн хавтандаа хэдийн буулгаад амжжээ. Хилийн цаана байх Тувагийн сүрлэг уулс ч мөн зурган дээрээс үзэгдэнэ. Зурвас болгож татсан тортой боловч зүрх сэтгэлийн гүнд бөмбөрцөг дэлхий хэмээх бөөрөнхий ээж нэгтэй л учир тэр. Харин торгон хилийн зурвас тасарч, сүлдэт багана ганхахгүй гэдгийг хилчин эрсийн хүнээрээ байгаа чанар, тэсвэр хатуужил, эх орноо гэх сэтгэлийнх нь гүнээс гарсан үг бүрээс мэдэрч зогслоо.


ҮҮРЭГ НУУРЫН ЭРЭГТ ҮҮЦ ЗАДАЛСАН НЬ



Аяллын маань дараагийн зогсоол Увс аймгийн Үүрэг нуур. Увс үнэхээр л холдох тусам, ойртох бүрийд ч цэнхэртэж байдаг уул, усны диваажин. Нуурын эрэг хөвөө нь нэлэнхүйдээ бага зэргийн налуу бөгөөд усанд түрж орсон булан тохой, хошуу хойг байхгүй. Хөвөөнд нь айлуудын гэр хун мэт бөмбийж, хаяагаар нь үхэр мал бэлчин идээшилнэ. Ёстой л нэг “Монголын их амар амгалан”. Ийм сайхан газар нутаг элчилгүй уудам Монгол оронд минь олон байхад бид утаа, түгжрэл ярьж, өдөр тутмын асуудлууддаа түүртэж зовсоор юунд хотод чихэлдэн суугаа юм бол доо гэсэн бодол харван орж ирэв. Үүрэг нуурын эргийн орчмоос Түргэний уулсын мөнх цаст орой наранд гялалзан харагдана. Өмнө харагдах их усанд шувууд ганганалдан хөвж ахуй шиг тэр л их оргилын цасыг сүүдрээрээ хайчлан бүргэд элин халих нь төсөөлөгдөнө.


“Уран бүтээлчид улсын хилээр” төслийн баг хамт олон Үүрэг нуурын эрэгт нэгэн айлын гадна бууж зураг авалтын ажил хийхээр болов. Тэрхэн хоромд ойр орчмын айл саахалтынхан цуглаад амжлаа. Уран бүтээлчид шүлэг найраг уншиж, ая дуугаа өргөн, аялгуут хөгжмөө эгшиглүүлж үүцээ задалсан юм. Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ эгч “Тэнгэр ээж минь өршөө” дуугаараа нутгийн олонд ая барьж, салхилах нь хүртэл нуурын долгио хөндөж эгшиг үүсгэдэг энэ нутгийн өвс чулуу бүхэнд дуу хоолой нь шингэж үлдэх шиг санагдлаа.


Анх энэ аяллын сураг дуулгаж зөвшөөрөл асуусан охинд “Хэд хоног бодъё” хэмээн хариулсан билээ. Би анхнаасаа л дассан газраасаа хол нөхцөлд олон хонохыг тэвчиж чаддаггүй хүүхэд байсан. Харин энэ төсөл зөвхөн аялал биш гэдгийг ойлгосны хойно “зөвшөөрч байна” гэж хэлээд хамт яваа уран бүтээлчидтэй нэгдсэн юм. Энд ирсний хойно татгалзчихсан бол байгалийн гэрэл зурагчдын дурангаас хааяахан үзээд л өнгөрдөг Үүрэг нуурын өнө мөнхийн гоо сайхныг тольдож чадахгүй өнгөрөх байж хэмээн бодов. Жаргах наран уулын орой руу ойртох бүрийд нуурын эрэгт анир чимээгүй аажимхан сэрнэ. Тийм ээ, өнө мөнхийн сайхан нь цогцолсон эх орны минь хязгаар бүхэн цаг хугацаанаас ангид орших мэт анир чимээгүйн гоо үзэсгэлэн мөн билээ.


Үргэлжлэл бий...

Холбоотой мэдээ