Номын баяр ням гарагт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-14 19:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлсэн уламжлалт, Үндэсний номын баяр энэ ням гарагт үргэлжилнэ.

26 дахь удаагаа тэмдэглэж буй энэ удаагийн номын баярт 120 гаруй байгууллага бүртгүүлэн оролцож байна.

Номын баярт жил бүр оролцдог орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүйтэй уулзвал, “Миний хувьд жилдээ хоёр удаа болдог номынхоо баярт уншигчдадаа 1-2 шинэ номтой ирэхийг боддог. Энэ удаа “1820-1821 оны Монгол орон” гэсэн Оросын нийтлэлч, дипломатч Егорь Тимковскийн бичсэн номыг гаргаад байна. Энэ баяраар зохиолч, уншигчдын халуун сайхан уулзалт болдог” гэж байв.




Тэрээр, энэ жил орчуулсан шинэ номоо Марко Пологоос хойш, Монголын тухайн үеийн нийгмийн бүхий л амьдралыг хамгийн дэлгэрэнгүй өгүүлсэн, 1824 онд Санкт-Петербургт нэг хэвлэгдснээс хойш дахин гараагүй, орос хэлээр 200 жилийн өмнө гарсан хамгийн том ном гэдгийг онцолж байв. Тэрээр ирэх жил Оросын эмэгтэй найрагчдын номын эмхэтгэл болон Монгол-Орос, Орос-Монгол хэлний дүйцсэн толь бичгийг дуусгаж гаргана гэв.

Хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын талаар ажилладаг “Лантуун цохио” ТББ энэ удаагийн номын баярт хүүхдүүдэд зориулан нийслэлийн Улиастайн эцэст барьж буй Хүүхэд хөгжлийн төв- "Ид шийдийн орон-2"-ыг бүрэн ашиглалтанд оруулахад хандив цуглуулахаар оролцож буйг тус байгууллагын менежер О.Ариунсанаа хэлж байв.




Тэрээр, номын баярын үндсэн зохион байгуулагч “Номын ертөнц” байгууллага болон Тодко, Мөнгөн зэрэг номын олон зохиогч тус ТББ-д туслан номын асар гаргаж өгснөөр бид соронз, түлхүүрийн оосор, стикер зэрэг болон “Хөөрхөн зүрх” сангийн Мөнхдэлгэр эгчээс авсан “Дэдэ додо” хүүхдийн ном авч худалдан борлуулах боломжтой болж, хүүхдүүдийн төлөө, шинээр барьж буй Хүүхэд хамгааллын төвийн цонхыг худалдан авах хандиваа цуглуулж буйг хэлж, тусалж дэмжиж буй бүх байгууллага, иргэдэд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. 









Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ