Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-15 09:45:34

КАИР. /SPA/. Газрын тосны объектуудад халдсаны улмаас газрын тосны олборлолт 50 хувиар буурсан тухай Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман мэдэгджээ.


“Дэлбэрэлт болсны улмаас 5.7 сая торх түүхий газрын тосны нийлүүлэлт зогсоход хүрсэн. Нөөцийн газраас зарим хохирлыг барагдуулна. Түүнчлэн энэ террорист халдлага нь өдөрт 2 тэрбум шоо фут хийн үйлдвэрлэлийг зогсоход хүргэжээ. Хийн үйлдвэрлэл нь 700 мянган торх шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг” хэмээн тэрбээр ярьжээ.


"Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн үйлдвэрүүдэд өнгөрсөн бямба гарагт хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон. Террорист халдлагууд нь Абкаик, Хурайс дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсооход хүргэсэн. Одоогоор компани хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд халдлагын улмаас үүссэн үр дагаврын талаарх шинэ мэдээллийг 48 цагийн дотор танилцуулах болно. Халдлагын улмаас хүн бэртэж гэмтээгүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Өнгөрсөн бямба гарагийн шөнө Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний босогчдын /хуситууд/ хөөргөсөн дронууд Саудын Арабын “Saudi Aramco” компанийн үйлдвэрт цохилт өгсний улмаас Абкаик хотын ойролцоох дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах цогцолбор халдлагад өртсөн байна. 

Холбоотой мэдээ