Эмнэлгийн орчин эрүүл биш байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-18 10:18:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн хажууд хогийн цэг болж хувирсан энэ балгас эрүүл ахуйн талаасаа тус орчныг бохирдуулсаар байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэсгийг хариуцсан компани болох "Суварга эв" ХХК ажлаа хийх нь байтугай татварын газрын хуучин барилгын хогийг энд нэмж авчирч хаясан байх юм. Энд харагдаж байгаа хэсэг бол хуучин эмнэлгийн нийт 7000 орчим м2 газрын 1000 гаруй м2 нь аж. Ихэнх хэсгийг 60 гаруй сая төгрөгөөр "Алсын солонго" ХХК нурааж цэвэрлэсэн байна. Хэрвээ нэгдсэн эмнэлгийн хуучин талбай бүрэн чөлөөлөгдвөл Сүрьеэгийн шинэ эмнэлэг болон цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөжээ.


Эрүүл мэндийн байгууллагынхаа дэргэд Чингис хотынхоо төвд ийм том хэмжээний хогийн цэгтэй аймаг манайхаас өөр бий юу? Тэр дундаа төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн цонхон дор байгаа хур хог эрүүл ахуйн шаардлагад нийцсэн асуудал уу? Хариуцлага алдсан дээрх компани өнөөдрийн байдлаар гурваас дөрвөн удаа мэдэгдэл хүлээн авсан боловч чимээгүй байсаар, "хийнээ, болгоноо" гэсэн хариултаар л ам тагладаг гэнэ.


Гэтэл "Суварга Эв" ХХК аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар Чингис хотын төв цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгээд явж байх. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн бүтээн байгуулалтын энэ мэт саармагжилт, царцаагдмал байдал хэдий болтол үргэлжлэх вэ? Аймаг сумын удирдлагууд, холбогдох байгууллагынхан анхааралдаа авахыг иргэд хүсч байна.

 

Холбоотой мэдээ