Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-19 10:03:23
Yesukheitumur Tumurbaatar

БЕРЛИН. /TASS/. АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Эдвард Сноудений намтрыг өгүүлсэн “Байнгын бүртгэл” хэмээх номыг мягмар гаргаас Германд худалдаалж эхэлжээ.


Англи болон Герман хэлнээ хэвлэгдсэн номыг Германы сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой аж. Тус ном нь гурван хэсэг, 29 бүлгээс бүтсэн бөгөөд бүлэг бүр зохиогчийн амьдралын тодорхой үеүдийн тухай өгүүлсэн байна. Герман хэлээр гарсан ном хэвлэлтээсээ хамаарч 340-428 хуудастай байх бөгөөд 23-24 ам.доллароор худалдаалагдах аж.


Сонирхуулахад, 2013 онд Э.Сноуден гадаадын төрийн тэргүүн нарын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын Тагнуулын байгууллагын цахим хяналтын талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр АНУ-ын Прокурорын байгууллагын мөшгөлтөөс зугтаж, зарим улс орон руу орогнох хүсэлт илгээсний дотор ОХУ байсан ажээ. 2014 оны 8 дугаар сард тэрбээр ОХУ-д гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хожим дахин гурван жилээр сунгуулжээ.


Э.Сноуденийг АНУ-д тагнуулын тухай хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн хэмээн буруутгадаг байна. Тэрбээр энэ заалтуудыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зүйл анги тус бүрд наад зах нь 10 жил хоригдох ял сонсох юм. АНУ-ын Засаг захиргааны албан тушаалтнууд Э.Сноуденийг урвагч хэмээн үзэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан тул түүнийг өршөөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Холбоотой мэдээ