“British Airways” компанийн нисгэгчид ажил хаялтаа цуцалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-19 11:34:01

ЛОНДОН. /BBC/. Их Британийн агаарын тээврийн “British Airways” компанийн нисгэгчид есдүгээр сарын 27-нд товлоод байсан ажил хаялтаа цуцлах шийдвэр гаргажээ.


Өнгөрсөн долоо хоногт “BALPA” буюу “British Airways” компанийн нисгэгчдийн холбооноос зохион байгуулсан хоёр өдрийн ажил хаялтын улмаас тус компани бараг бүх нислэгээ цуцлахад хүрсэн юм.


BALPA” болон British Airways” компанийн төлөөлөгчид цалинтай холбоотой асуудлын улмаас маргаж, тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас ажил хаяхад хүрсэн байна.


British Airways” компанийн хэвлэлийн төлөөлөгч ажил хаялт цуцлагдсан талаар мэдэгдэхдээ, бид уг мэдээллийг дөнгөж сая хүлээн авлаа, шинэ мэдээг цаг тухай бүрт хүргэх болно гэжээ.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас “British Airways” компани есдүгээр сарын 27-ны нислэгүүдийг цуцалж эхэлсэн бөгөөд одоо боломжит нислэгүүдийг буцаан сэргээх шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч 27-ны өдрийн бүх нислэг хуваарийн дагуу үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.


Нисгэгчид есдүгээр сарын 9, 10-нд ажил хаясны улмаас 1700 нислэг цуцлагдаж, 200 мянга гаруй зорчигч аяллын төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.


British Airways” компанийн удирдлагууд маргааныг шийдвэрлэх хандлагаа өөрчилж, хэлэлцээг нухацтай явуулна хэмээн найдаж буйгаа “BALPA”-гийн төлөөлөгч илэрхийлжээ. Мөн дахин ажил хаялт зарлах боломжтой гэдгийг сануулсан байна. 

Холбоотой мэдээ