“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-09 23:25:04

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн салбар зөвлөлөөс эрхлэн хэвлэлийн хурал хийж “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” сарын аян эхэлснийг зарлав.

Хэвлэлийн хуралд аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж, АОЭХ-ны дарга И.Чинбат, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа, МХГ-ын Хөдөлмөрийн улсын байцаагч н.Энхжин нар оролцож уг аяны зорилго, хэрэгжүүлэх ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн Яамнаас холбогдох байгууллагуудтай хамтарч  2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зохион байгуулж иржээ. Аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж:-“Аяныг ОУХБ-ын 187 дугаар конвенцээр тогтоосон ХАБЭА-н төрийн бодлого, хууль, хөтөлбөр, стандарт, холбогдох журам, дүрэм, бүтэц, тогтолцоо манай улсад хангалттай ч аж ахуйн нэгж, байгууллагуудын төвшинд мөрдөж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох асуудал ихээхэн учир дутагдалтай байдаг болохоор ийм аяныг зохион байгуулж байхаар болсон. Цаашид ганц сар аян хийгээд зогсох биш бүтэн жилийн туршид үргэлжлэх юм” гэв.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа:-“Нэг сарын турш үргэлжлэх аяны хугацаанд хууль сурталчлах, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх сургалт зохион байгуулж үйлдвэрлэлийн ослоос амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зэрэг олон ажил хийгдэнэ. Бид төлөвлөсөн ажлуудаа аймгийнхаа бүх үйлдвэр байгууллагуудад хүргэж сурталчлах нь аяны зорилго юм” гэв. Өнгөрсөн 2015 онд улсын хэмжээнд үйлдвэрийн 383 осол бүртгэгдэж 48 хүн амь насаа алдаж 25 хүн тахир дутуу болж 325 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Харин Дархан-Уул аймгийн тухайд 2015 онд үйлдвэрлэлийн 21 осол бүртгэгдэж гурван хүн амь насаа алджээ. Эдгээр ослын дийлэнх хувь нь уул уурхай, барилга, зам тээврийн салбарт гарсан байна.  

                                                                                                                                                       Б.Норовсамбуу 

Холбоотой мэдээ