Нигүүсэл нүгэл бүхэнд зохирно

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-09-20 14:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Уншихад хүнд зохиолын тухай бичнэ гэдэг бүр хэцүү. Учир нь зохиолын тухай бичихийн тулд дахин үл уншихийг хүссэн номынхоо хуудас бүрийг нэгжиж, үсэг бүрийг үйл явдалтай нь нэхэн санах хэрэг гарна. Гэвч Ма Жианы “Хэлээ гарга” ном бол албаар Түвэд орны бурангуй бүхнийг илчээд гаргачихсан хуулбар биш цэвэр үнэний дуу хоолой бөгөөд зохиогчийн өрөвч сэтгэлийн өчил, тайтгаралынх нь ганц зам юм.


Үнэндээ хүмүүсийг цагаан цаасан дээрх хар тэмдэгтүүдийг уншиж чимээгүйхэн таашаал авч суухаас илүүтэй хамтран оролцож уншихийг шаарддаг “интерактив” уран зохиол бий болчихсон энэ зуунд ч зохиол нь нэг талаар хөнгөн зугаа нөгөө талаар ямарч хэлбэрт хувирсан хүний амьдралын сайн сайхны л төлөө байх билээ. Тиймээс ч “Хэлээ гарга” зохиолынхоо тухайд Ма Жиан “Барууныхан Түвэдийг хүсэл тачаалын хир суугаагүй, номхон дөлгөөн, бурханлиг ард түмэн гэж төсөөлцгөөдөг. Үнэн хэрэгтээ Түвэдүүд бидний л адил бузар булайд идэгдсэн хүмүүс гэж би боддог. Тэднийг хүн төрөлхтнөөс ийн илтэд ялгаснаар ердөө л төсөөлөлд орших үндэстэн болж хувирч ч мэднэ” хэмээсэн юм. Зохиогч үнэндээ шашин ном дэлгэрсэн энэхүү бурханлиг газрын үнэн дүр төрхийг таньсан учир тэднийг аврахгүй л бол хосгүй хэл соёл, өв уламжлал, амьдралын хэвшил  устаж үгүй болох нь гэдэгт халаглан дуу алдсан нь “Хэлээ гарга” зохиол. Номын нэр нь ч хэлээ гарга, үнэнийг хэл, өгүүл гэх шиг санагдана.


Ма Жианы үгээр урлах чадварыг “Арваалж” өгүүллэг доторхи “Аглаг уужим талын цэнгэг салхийг санагдуулам энэ инээмсэглэл цэх өндөрлөгт төрсөн бүсгүй хүнийх билээ” гэх олон өгүүлбэрээр тодотгож болно. Харин
The Washington Post магтсан “Хуудсан бүхэнд хүчирхэг агуулга...” гэх тодотгол нь “Эцсийн ёслол” өгүүллэгийн “Шашин гэгч Түвэдийн газар шорооны эс ширхэг бүрт нэвчин шингэж, бурхан хүмүүн хоёр хагацашгүй болтлоо, домог үлгэр хоёр салшгүй болтлоо орооцолджээ” хэмээх санаануудаар илрэн гарна. Чин үнэн гэвэл Ма Жианы “Хэлээ гарга” хэмээх тус бүтээл баримтат эссэ хэлбэрээр бичигдсэн зохиол мэт л санагдана. Гэхдээ түүнд бичлэгийн өөрийн гэсэн арга барил, дүрслэлийн өндөр чадвар бий учраас тус номд орсон таван өгүүллэг зохиол болж хувираад байгаа юм.


Аливаа улсад дагаар орсон үндэстэн бүр л хүний ёсноос гажууд эмгэнэлтэй учирч, зовлонгийн хуй салхинд сорогдон тарчилж байсан. Түвэд бол зовж ч үзсэн бас аймшигтай ард түмэн. Тэдний иргэншлээс гадуурх бүрхэвч нигүүсэлийн дүрээр өөрсдийнх нь бүх нүгэлд зохиж өгчээ. Жишээ “Алтан ганжир” өгүүллэгт гэхэд нь сүмийн өндөр баганад шорлогдон үхсэн хайртай эмэгтэйнхээ дэргэд ганц биеэр олон жилийн давсан дархны тухай өгүүлнэ. Эцэст нь шарил хатаж агшин, сая нэг газардах агшинд гэртээ эгээ л хивс адил арьсыг нь өлгөчихсөн суудаг. Үүнийг “Хананд адсага шиг хатсан ч гялалзсан хар үстэй шарил байв. Би дахин шүдэнз зураад унжсан үснээс доош, хоёр гуяны нь хооронд тусгаад ангайсан хар нүх олж харлаа” гэж дүрсэлжээ. Үнэхээр дүрсэлсэн үү, зохиосон уу гэдэг ялгаа огт байхгүй. Угаас Түвэдийг бид Ма Жиан шиг биш ч гэлээ бурханлиг орны гажууд ёсыг хэдийн мэддэг болчихсон шүү дээ. Тиймээс үйлдэл бүрт буруу, зөвийн алийг нь ч ялган оноох чухал биш.




Төрөөд ес хоносны хойно амилсан бурхан хэмээх Дэнзэнванчигийн хойд дүрээр тодорсон Чанцалдаш охины гэгээрлийн түүх ч бас уран сэтгэмж гэмээргүй уншигдана. “Эцсийн ёслол” өгүүллэгийг бурхан шашны бурангуй ёс журмаас гадна зохиолчийн бичлэгийн хэлбэр нь өвдөг чичрүүлэм түүх хүүрнэх шиг хэлбэртэй болгоод байгаа юм. Хүний шарилийг нэг бүрчлэн задалж хичээл заадаг багш нар, амилсан бурхан болохоос өмнө эмийн ёсыг мэдрүүлэх ах ламын ёслол гээд хүчрэшгүй бүхний өмнө хүн хэрхэн өчүүхэн дорой болон хувирдаг ч басхүү хэчнээн хатуужилтай болохыг заана. Шекспир “Нил шарх, сорви явахсан” гэж бичсэн. Түвэдүүд тэр замыг эс хүссэн ч сонгосон.


Лимонов ингэж бичсэн. “Миний хувьд Андерсэний үлгэрийн тэр “Хөөе хаан нүцгэн байна шүү дээ” гэж дуу алдсан хүү шиг байхыг үргэлж хүсдэг байлаа” гээд үнэнийг хэлэхийн онцгой мэдрэмжийн хажууд зодуурын өвдөлт юу ч биш гэсэн билээ. Гол нь Ма Жиан “Хэлээ гарга” зохиолдоо зөвтгөх гэж, өөрөө тайлбар хийхээр хятад руу очих гэж байсан тухайгаа дурссан байдаг. Умард болоод Дорнын хүмүүсийн ялгаа энэ. Гэхдээ “Хэлээ гарга” зохиол хэн нэгэнд уран зохиолын талаар хичээл зааж чадахгүй. Үнэнийг л хэлнэ. Үнэн гэдэг чинь өөрөө урлаг, уран зохиол мөн ч бил үү, юу ч билээ дээ. 

Холбоотой мэдээ