Налайхын авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-23 08:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг өнгөрсөн амралтын өдөр шалгалаа.

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн  дуусч, замын хучилтын ажил хийж байна. Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 30 гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай. Гэхдээ замын  чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулав.

Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Ингэснээр алсалсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Холбоотой мэдээ