Монгол-Энэтхэгийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-24 17:30:48
@s_munkhbaatar

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-нд Шинэ Дели хотноо болсон Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов. Уулзалтын үеэр, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид эм үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


БНЭУ-аас манай улс энэ хагас жилийн байдлаар, 60.1 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон бол тус улсад 2 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ талаар БНЭУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга, ноён Рамеш Кумар Муто бизнес уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр, "Энэхүү бизнес уулзалт хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарыг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэтхэг улсаас Монгол Улсад голлон эм, уул уурхайн тоног төхөөрөмж зэргийг экспортолж байгаа бол манай улс Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур импортолж байна. Монгол Улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төр, соёлын салбарт тогтсон сайн харилцааг үргэлжлүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээв.


Уулзалтад Энэтхэгийн Засгийн газар болоод хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Энэтхэгийн хөрөнгө оруулагчид оролцож, санал бодлоо солилцсон юм. 



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээх үеэр хэлэхдээ, "Энэтхэг улс нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой, манай “гуравдагч хөрш” улс юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид Та бүхний хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Хоёр улсын бизнес эрхлэгчид боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, уул уурхай, эрчим хүч болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа эхлэн, өргөжүүлж байгаад таатай байна. Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам шийдэгдэж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам зэргийг Монголын тал барьж дуусгаад байна. Зөвхөн энэ төслийн хүрээнд гэхэд Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид та бүхэнд олон шинэ боломжууд нээгдэж байгаа юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор манай хоёр улс Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг байгуулах, 1994 онд байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Энэтхэгийн талтай хэлэлцэж буй бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.



БНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Нефть, Байгалийн хийн асуудал хариуцсан сайд Дармендра Прадан, Монгол-Энэтхэг улс бурхан шашны соёлын уламжлалд суурилсан өнө эртний халуун дулаан харилцаагаа хадгалсаар ирсэн бөгөөд ардчилсан эрх чөлөөний үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх ижил итгэл үнэмшилтэй гэдгийг тэмдэглээд, хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт хөгжиж буйг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрбээр, "Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд дэвшил гарч байна. Тухайлбал, 2017 онд хоёр орны худалдааны эргэлт 32 сая ам.доллар байсан бол 2018 онд 52.7 сая болж, 40 хувиар өссөн байна. Монгол Улсад байгуулж буй жилд нэг сая шоо метр нефть боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааны нэгэн илрэл юм. Энэ үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор Монгол Улсын нефтийн дотоодын хэрэглээний 70 гаруй хувийг хангах боломжтой. Цаашид газрын тос дамжуулах хоолой байгуулснаар Монгол Улсын эдийн засагт үр өгөөж ирнэ. Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дуулсан. Түүний энэхүү айлчлалын хүрээнд 30 гаруй бизнесийн төлөөлөл энэхүү уулзалтад оролцож байгаа нь хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хөгжилд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 


Монгол, Энэтхэгийн 100 орчим бизнес эрхлэгч хөдөө аж ахуй, ноолуур, хүнд үйлдвэр, эм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар мэдээлэл солилцов.


Бизнес уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо, Энэтхэгийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн дарга нартай уулзаж, хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, үзэсгэлэн худалдаа, бизнес аялал, форум зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцсон юм. 


Бизнес уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн зарим байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрээс онцлон дараах тодруулгыг авлаа.  



Нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, "Монгол, Энэтхэг улс оюун санааны хөршөөс гадна мэдлэг оюуны хөрш гэж үзэх болсон. НЗДТГ, Энэтхэгийн LPO гэдэг хамгийн том хувийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Улаанбаатар хотын залуусыг тодорхой хэмжээнд мэдлэг чадвартай болгох зорилготой. Хотын залуусын 50 хувь нь албан ёсны хөдөлмөр эрхлэхгүй байна.  Монголын зах зээлд 400-500 мянган залууг шингээх салбар ховор. Мэдээлэл технологийн салбар нь маш олон хүнийг тогтмол орлоготой болгох потенциальтай салбар юм. Тиймээс энэ салбарыг онцлоод, НЗДТГ-аас санаачлан 10 мянган программист бэлтгэх хөтөлбөр эхлүүлсэн. Энэ хүрээнд, эхний ээлжинд ЕБС-ийн мэдээллийн технологийн багш нараа чадавхжуулахаар тус санамж бичигт тусгалаа.



"Монгол эм импекс" концерны Гадаад харилцаа, хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ, "Манай компани 1923 онд байгуулагдсан Монголын эм үйлдвэрлэлийн ууган байгууллага. Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн нүүр царай болсон Кадила компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн технологи бүхий эмийн үйлдвэр байгуулах санамж бичиг байгууллаа. Энэтхэг улс нь мэдээллийн технологиос гадна эм үйлдвэрлэлийн салбарт толгой цохиж байгаа улс орны нэг. Монгол Улсын хувьд, дотоодын эмийнхээ 20 орчим хувийг л үйлдвэрлэж, бусдыг нь импортолж байна. Тиймээс дотоодын эмийн үйлдвэрлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед Энэтхэгийн эмийн үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь түүхэн үйл явдал болж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд, импортын эмийн хэрэглээг бууруулж, дотооддоо чанартай эм үйлдвэрлэн ханган нийлүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 150 орчим ажлын байр шинээр бий болох юм. Үүнээс гадна эм үйлдвэрлэх технологийн оюуны хөрөнгө оруулалт Монголд нэвтэрч байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.



Монголын Үндэсний кино урлагийн хорооны тэргүүн М.Оргил, "Манай хороо өнөөдөр Энэтхэгийн олон улсын энтертайнментийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, Монгол, Энэтхэгийн кино салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байна. Санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцох, сургалт явуулах, хамтарсан уран сайхны кино хийх зэргийг тусгасан. Энэтхэг улс Холливүдээс гурав дахин их кино үйлдвэрлэдэг, асар их киноны туршлагатай хийгээд өртөг зардал багатай байдаг. Монголчууд бид хуучны энэтхэг киног их үздэг байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд кино зохиолч, найруулагч, техникийн ажилтны ур чадварыг сайжруулж,  монгол киноны хүртээмж, чанарыг сайжруулах боломж нээгдэж байна. 

Холбоотой мэдээ