Энэтхэгт дэлбэрэлт гарсан хэрэгт шүүхийн шинжилгээ хийхийг даалгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-11 11:32:35

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Өнгөрсөн бямба гарагт Энэтхэгийн Керала мужийн сүмд дэлбэрэлт болж, 100 гаруй хүн амиа алдсан хэрэгт шүүхийн шинжилгээ хийхийг тус улсын эрх баригчид  даалгасан байна.

Энэтхэгийн шинэ жилийн баярыг тэмдэглэх арга хэмжээний үеэр зохион байгуулдаг галын наадамд оролцохоор олон мянган хүн “Путтингал” сүмд цугласан байжээ. Энэ үед их хэмжээний пиротехникийн хэрэгсэл буюу салют цуглуулан овоолсон байх үед гал алдаж, дэлбэрэлт болсны улмаас “Путтингал” сүмийн дотор болон ойр орчимд 100 гаруй хүн амиа алдаж, 400 орчим хүн шархаджээ. Мөн сүмийн барилга нурсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлбэрэлт болсон газарт очиж, хохирогчидтой уулзах үеэрээ “зүрх шимшрүүлсэн, үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигт осол боллоо” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр “200 метрийн цаана байсан хүмүүс хүртэл шархадсан байсан” гэдгийг дурдав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ