Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлалын талаар хэн юу хэлэв?
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Бангалор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-д энэ сарын 19-23-нд айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд, тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн тэрбээр Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, тус улсын Сансрын төв болон эрчим хүч, аутсорсингийн тэргүүлэх компаниудаар зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
Түүний энэ удаагийн айлчлалын тухай хэн, юу хэлэв?
Д.Цогтбаатар: Хоёр улсын Гадаад харилцааны яамд визийн журмаа хөнгөлөхөөр боллоо
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: -Монгол, Энэтхэг улс өнө эртний харилцаа тогтоосон, түүхэн уламжлалтай, оюун санааны анд улс. Саяхан Гандантэгчинлэн хийдэд байгуулсан Батцагаан дуганд Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр Бурхан багш, түүний хоёр шавийн сэрэг дүрийг залсан. Энэ нь хоёр ард түмэн оюун санааны хөршүүд, нэг нэгнээ хүндэтгэн үздэгийн баталгаа болсон. БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-24-нд үргэлжилсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал үр дүнтэй боллоо. Дараа жил бид дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойг угтан хийсэн айлчлалаар стратегийн түншлэлээ илүү бэхжүүлэх, харилцааны салбаруудаа төрөлжүүлэх боломж гарч байна. Бид сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлд анх удаа хамтран ажиллах боллоо. Хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих зорилгоор хоёр улсын Гадаад харилцааны яамд визийн зохицуулалтаа хөнгөлөхөөр болсон. Ингэснээр иргэд, хувийн хэвшлийнхэн зорчиход амар болно. Бидний стратегийн түншлэлийн түүчээ нь яах аргагүй газрын тос боловсруулах үйлдвэр юм. Олон сар ярилцсаны эцэст энэ айлчлалын үеэр нэмэлт 236 сая ам.долларын зээлийн шугамыг манай улсад нээлээ.
Бид 220 мянган хүнтэй “Инфосис” компанид зочиллоо. Энэтхэгийн мэдээллийн технологийн хамгийн том компани. Ажилтнуудаа бэлтгэдэг сургалтын хөтөлбөрт нь монгол залуусыг хамруулах, дэлхийн олон оронд ажилладаг тул хамрах хүрээнд нь Монгол Улсыг оруулах саналаа хэллээ. Мөн компанийн удирдлагуудыг Монголд ирэхийг урьсан. Газрын ховор элемент, уран бол хоёр талын хамтарч ажиллах боломжтой бас нэг салбар. Манай улс газрын ховор элемент, ураны нөөцтэй. Энэ талаар үргэлжлүүлэн судлах болно.
Г.Ганболд: Сүүлийн дөрвөн жилд хоёр орны худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн байна
Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд: -Манай хоёр орны улс төрийн харилцаа өнгөрсөн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Энэ харилцааг айлчлалын хүрээнд бусад салбарт хөгжүүлэхийг эрмэлзлээ. Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг худалдаа, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн идэвхжүүлэх талаар ярилцсан. Жишээлэхэд, манай улс гадаадад түүхий нефт экспортолдог ч шатахуунаа импортолдог сул талтай. Энэ байдлыг өөрчлөх үүднээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. Тиймээс айлчлалын нэгэн чухал сэдэв болох газрын тосны үйлдвэр байгуулах, түүхий эдээ татаж авах, хямд ашигтай арга замыг олох боломжийн талаар өргөн хүрээнд ярилцлаа. Энэтхэг улсын Засгийн газар манай талаас тавьсан саналд анхааралтай хандаж, шаардлагатай хөрөнгө хүчийг нэмж өгөхөө илэрхийлсэн. Энэ бол улс төрийн сайн харилцааны илрэл юм. Цаашилбал, мэдээлэл технологи, сансрын салбарт хамтран ажиллахаар талууд ярилцсан нь айлчлалын бас нэгэн чухал хэсэг. Энэ талаар урьд өмнө нь ярилцаж, өндөр түвшинд гэрээ хэлцэл байгуулаагүй юм. Түүнчлэн, малын эм, эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр, малын гаралтай түүхий эдээ манай улс Энэтхэгт экспортлох, хариуд нь Энэтхэгээс мал, хүний чанартай, өртөг багатай эм импортоор авах боломж нээгдэж байна. Улаанбаатар хотноо ирэх 11 дүгээр сард Энэтхэгийн эм, эмнэлгийн тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцлоо. Манай улсаас Энэтхэгт дийлэнхдээ Буддын гүн ухаанд суралцдаг оюутнууд байдаг. Тэдгээрийн ахуй амьдрал, суралцах нөхцөлийг сайжруулж, хоёр орны хооронд зорчих журмыг хөнгөлөх талаар ярилцаж тодорхой саналаа илэрхийлсэн.
Дээрх бүгдэд Энэтхэгийн тал нааштай хандсан бөгөөд амжилт олно гэдэгт бид итгэлтэй байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр орны чармайлтын үр дүнд худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн. Үүнээс цааш худалдааны эргэлтээ нэмэх боломж маш их байгаа. Тухайлбал, Энэтхэг улс манай улсаас хонины ноос, малын өлөн зэргийг импортлох эрмэлзлээ илэрхийлж байна. Үүгээр өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу мэс заслын утас, эмнэлэг, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес эрхлэгчид байгаа талаар дуулгасан. Тиймээс бид айлчлалын хүрээнд ярилцаж, тохирсон зүйлээ хэрэгжүүлэх үүднээс эрчийг алдалгүй ажиллах хэрэгтэй юм.
З.Энхболд: Монгол, Энэтхэгийн харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжлаа
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулгын БНЭУ-д хийсэн айлчлалаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой хоёр орны Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнд энэхүү айлчлалын гол үр дүн бий. Дээрх мэдэгдлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бангалорт зочилж, Энэтхэгийн Сансар судалгааны төв, сэргээгдэх эрчим хүчний "Тата пауэр Солар" компани болон дэлхийн аутсорсингийн хамгийн том "Инфосис" компанитай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ удаагийн айлчлалаар шашин соёлын олон мянган жилийн хэлхээтэй Монгол, Энэтхэгийн харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжиж, бодит үр дүн гарч байна. Тухайлбал, 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНЭУ-д айлчилсан. Тухайн үед анх аутсорсинг /программ хангамжийн эх код бэлтгэн нийлүүлэх/-ийн төв байгуулахаар хоёр тал ярилцаж байсан. Яг 10 жилийн дараа энэ нь бодит ажил болж хэрэгжихээр 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулаад байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахдаа ярилцсан гол сэдэв нь Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь барьж, тулгарч буй бэрхшээлээ шийдвэрлэх байсан. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар хоёр тал ярилцаж, энэ төсөлд Энэтхэгийн талаас нэмж 236 сая ам.доллар олгохоор болсон. Нийтдээ газрын тос боловсруулах үйлдвэр маань тус улсын өмнө нь олгохоор тохирсон зээлтэй нийлээд нэг тэрбум 236 сая ам.доллароор санхүүжиж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааг илтгэх хамгийн том төсөл юм. Энэ төслөөр Монгол Улс шатахууны салбараа дотоодын эх үүсвэрт шилжүүлэх чухал ач холбогдолтой.
Б.Бямбасайхан: Олон улсын технологийн компанитай хамтарсан судалгаа явуулна
Ерөнхийлөгчийн Эрчим хүчний асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан: -БНЭУ бол дэлхийн гуравдагч том эрчим хүч хэрэглэгч орон. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг сүүлийн үед хамгийн түлхүү хэрэглэж байгаа улс юм. Энэтхэгийн суурилуулсан нарны эрчим хүчний панелын тухайд 24 мянган МВт хэмжээтэй цахилгаан үйлдвэрлэж байгаа нь дэлхийд тавдугаар байрт орж байна. Тата пауэр солар компанийн хувьд, жилдээ 150 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй, нийт 650 мянган ажилтантай. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд тус компанийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрээр зочилсон. Энэтхэгийн Тата пауэр солар компани нь хамгийн үр ашигтай нарны панел технологийг худалдаж байна. Тус компанитай хамтран ажиллахаар санал солилцлоо. Түүнчлэн манай улсад хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах төсөл санаачилгыг Энэтхэг улсаас хэрхэн дэмжиж оролцох талаар санал бодлыг нь сонссон. Монгол Улс бол сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй, тэр дундаа энэ салбарыг хөгжүүлэхэд уур амьсгалын хамгийн тохиромжтой орон гэж үздэг. Манай улс экспортын хувьд, 1200 МВт эрчим хүч худалдах боломжтой. Тата пауэр солар компанийн төлөөлөгчид удахгүй Монголд айлчлахын сацуу төслийн талаар илүү нарийн ойлголттой болж хамтарсан судалгаа хийх боломжтой хэмээн тохиролцлоо.
Ташрамд дурдахад, Хоёр орны түүхэн холбоо 10 мянган жилийн тэртээгээс эхлэлтэй хэмээн олон түүхч эрдэмтэд үздэг. Хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоож, Буддын шашнаар холбогдсон харилцаа нь улс төрийн тогтмол айлчлалын хүрээнд улам өргөжин тэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1973 онд БНЭУ-д айлчлах үеэрээ, хоёр орны хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд Энэтхэгт айлчлах үеэрээ, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэхээр тохиролцсон байдаг аж. Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд буюу 2015 онд Ерөнхий сайд Н.Моди Монголд айлчилсан. Энэ үеэр хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд ахиулж, мал эмнэлэг, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор агаарын зам байгуулах асуудлаар санал солилцож байжээ. Түүнчлэн БНЭУ-аас Монгол Улсад газрын тосны үйлдвэр байгуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцож байв.