Чиба Хисао: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдрахад ээлтэй нийгмийг хөгжүүлбэл таатай байх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-09-27 16:48:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЖАЙКА Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисаотай ярилцлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд учрах бүхий л саад бэрхшээлийг арилгахын төлөө сэтгэл зүрхээ зориулж буй нэгэн юм.


-Юуны түрүүнд төслийнхөө тухай товч танилцуулна уу?

-Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хөгжүүлэх төслийг Монгол Улсын ХНХЯ-тай  ЖАЙКА хамтран 2016 оны тавдугаар сараас хэрэгжүүлж байна. Нийт дөрвөн жилийн хугацаатай төсөл бөгөөд хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үр дүнг нэгтгэх энэхүү цаг мөчид долдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс (Community-based Inclusive Devel­opment)-ыг амжилттай дуусгасан.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хэрхэн хөгжүүлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сургалт, хөдөлмөрийн чадварыг сэргээх  үйл ажиллагаа явуулах зэрэг хандлагыг бий болгох бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд өдөр бүр тулгардаг саад тотгорыг арилгасны үндсэн дээр тухайн иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн үзэл санааг баримталж байна. Үүнд, дэд бүтцийн саад гэж байдаг. Энэ нь нийслэл Улаанбаатарт хамгийн их байдаг саад юм. Тухайлбал,  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу зам байхгүй, байлаа ч хэт огцом байх жишээний. Мөн явган хүн зам гарцын хувьд ч саад тотгор ихтэй, автобусанд суухад бэрхшээлтэй зэрэг хотын бүхий л хэсэгт саад байдаг. Тиймээс энэхүү дэд бүтцийн саадыг арилгахаар тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн юм.

Дараа нь мэдээлэл харилцаа холбооны саад гэх тэр бүр чихэнд дасал болоогүй саад байдаг. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэн үсэг уншиж чадахгүй ч вэб хуудас зэргээр текстэн бичвэрийг чангаар дуудаж унших аудио хэлбэрээр мэдээллийг олж авч болдог. Үүнийг “accessible website” буюу хүртээмжтэй вэб хуудас гэх боловч Монгол Улсад хараахан нутагшаагүй байна. Засаг захиргааны байгууллагын тухайд ч, мөн хүртээмжгүй байгаа бөгөөд аудио хэлбэрээр мэдээлэл олж авах боломж хомс хэвээр байна. Нөгөөтэйгүүр, Монголын үндэсний телевиз MNB болон С1, Mongol HD, TV9 зэрэг суваг дохионы хэлийг ашигладаг болж байгаа ч мэдээ болон тусгай нэвтрүүлгийн хөтөлбөр төдийд л нэвтэрч, дохионы хэл болох титрийн аль аль нь хөгжөөгүйн улмаас сонсголын бэрхшээлтэй иргэд ч нийгмийн оролцоонд тэр бүр орж чадахгүй байсаар байна.

Дараагийн саад бол ухамсрын түвшний саад юм. Нийгэмд эдгээр саад байгаад байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог төдийлөн ухамсарлан ойлгоогүйгээс үүдэлтэй юм. Японд мөн адил ухамсрын түвшин хангалтгүй байна. Монголын засаг захиргааны түвшинд мэдэхгүй хүмүүс олон байдаг бөгөөд тэдэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүнд хэцүү байдлыг ойлгуулахын тулд сургалт семинар явуулж ирлээ. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай DET сургалт” юм. Энэхүү сургалт нь групп хэлэлцүүлэг хийх хэлбэрээр харилцан суралцах сургалт бөгөөд 2017 оноос эхлэн нийт 8500 хүнийг сургалтад хамруулсан нь маш өндөр үзүүлэлт юм. Тус сургалтын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө багшилдаг ба өнөөгийн байдлаар нийт 32 багш бэлтгээд байна.

Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хувь хүндээ биш, нийгэмд байгаа гэж үздэг “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар /Англиас гаралтай/”-ын ойлголтыг  Монголын нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь төслийн том зорилгын нэг юм.

Өнөөг хүртэл засаг захиргааны байгууллага, нисэх онгоцны буудал, зочид буудлын ажилтнуудыг хамруулж DET сургалт зохион байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд хялбар эелдэг үйлчилгээ нэвтрүүлэх талаар зааж сургасан.

-Энэ нь нийт тоо юу. Хотын хүн амаар үзвэл, 3 хүн тутмын 1 нь сургалтад хамрагдсан болж байна?

-Хүн амтай харьцуулбал, дэлхийд дээгүүр орох биз ээ. Зөвхөн ЖАЙКА бие даан хэрэгжүүлэх бус салбарын яам ч зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж, албан ёсоор хамруулж байгаа тул энэхүү сургалт нэлээн түгэн дэлгэрч байна. Ийм утгаар нийгмийн загвар бага багаар хөгжиж байна. Сургалтын агуулгын тухайд бол, нэг зураг үзүүлэн “саад бэрхшээл”-ийг өөрсдөөр нь мэдрүүлж 3 цагийн турш хэлэлцүүлэг өрнүүлдэг. Оролцогчдын хувьд, үнэлэмж өндөр байсан тул цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулна гэж бодож байгаа.

- Ухамсрыг өөрчлөх DET сургалт маш чухал сургалт гэж бодож байна. Цаашид тогтвортой үргэлжлүүлэх үү?

-Эхлээд сургагч багш бэлтгэх шаардлагатай.  Эхний жил Японоос багш нар ирж заасан. Дараа нь төслийн Монгол дахь япон мэргэжилтнүүд сургагч багшаар ажилласан. Энэ жилийн 12 дугаар сард монгол сургагч багш бэлтгэхээр төлөвлөж байна. Ингэснээр чиглүүлэгч багштай болно гэсэн үг. Аль ч улсад сургагч багш бэлтгэхэд хугацаа шаарддаг тул 2 дахь шатны төслөөр дэмжин ажиллах бодолтой байна.

- Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, загвар болохуйц ямар газар байдаг вэ? 

-И-март сүлжээ дэлгүүр болон Шангри-Ла зочид буудлыг хэлж болно. Мэдээж дутуу дулимаг зүйл байх ч дотоодод гэвэл дээрх 2 газар юм. Бодит байдал дээр дэд бүтцийн саадыг багасгахад нэлээд хэцүү байсан. Холбогдох хүмүүсээрээ саадыг багасгах ажил урагштай явалгүй 3 жил болсны эцэст зөвшөөрөл олгох системд алдаа байсныг олж мэдсэн юм. Монголд дэд бүтцийн саадгүй байгууламж барих тухай хууль болон стандарт ч байдаг. Гэхдээ тэрхүү стандартыг хангахгүй л бол зөвшөөрөл олгохгүй байх учиртай ч, стандартын дагуу хийсэн эсэхийг гол болголгүйгээр, налуу зам байх эсэхээс хамаарч зөвшөөрөл олгодог байж. Ингээд Барилга, хот байгуулалтын яамтай стандартыг өөрчлөх талаар хамтран ажиллаж байна.

-Монгол дахь амьдралын тань талаар сонирхож болох уу?

-2016 онд анх Монголд ирснээс хойш өнөөдөр маш их зүйл өөрчлөгдсөн байна. Тухайн үед зөв гэрлэн дохио гуравхан байсан нь тод санагддаг. Одоо бол бодож байснаас илүү амьдрахад хялбар болсон. Өвлийн улиралд ч байшин дотор дулаахан байдаг болохоор их тухтай байдаг.

-Японд дэд бүтцийн саадгүй болохоор Монголд юу ч хөгжөөгүй мэт санагддаг уу?

-Тийм ээ, гадагшаа гарч чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон байдаг нь хөгжиж буй орны хувьд нийтлэг асуудал л даа.

- Хөгжиж буй ямар оронд сууж байсан бэ?

-Тайландад 7 жил, Камбожид 1 жил гаруй амьдарч байсан. Зүүн Өмнөд Азийн бусад оронд ч томилолтоор их явж байсан.

-Тэдгээр улс оронтой харьцуулахад, Монгол Улс хөгжлөөрөө ямар түвшинд байна вэ?

-Хөгжсөн ч зүйл байна, хоцронгуй зүйл ч байна. Монголын хувьд, нийгмийн халамжийн тогтолцоо хамгийн сайн хөгжсөн байна.

- Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага хэрхэн ажиллаж байна гэж үнэлэх вэ?

-Олон байдаг ч үйл ажиллагаа явуулж байгаа нь маш цөөхөн. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 100 гаруй байгууллага байгаагийн 80 гаруй нь  ажиллаж байна. Харин манай төсөлтэй ердөө 20-25 байгууллага хамтран ажиллаж байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ядуу амьдралтай иргэд одоо ч гэсэн олон байдаг байх. Нийгмийн халамж болоод тусламж дэмжлэг сайжирч байгаа юу?

 -2012 онд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх тасгийг байгуулснаас хойш бага багаар хөгжин, 2016 онд энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлснээс мэдэгдэхүйц хөгжиж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бараг бүгдээрээ нийгмийн халамжид хамрагдаж байна. Гэхдээ хөгжингүй орнуудынхтай харьцуулахад халамжийн мөнгөн дүн бага, асран хамгаалагчийн тогтолцоо бүрдээгүй байна. Энэ тогтолцоог хөгжүүлэх нь дараагийн шатны төслийн сэдэв болох болов уу.

-Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тогтолцоог хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн таны хувьд хэр хэмжээнд биелүүлж чадсан гэж бодож байна вэ?

-Тайландад мөн адил ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төсөлд ажиллаж байсан ч, тухайн хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг хангалтгүй байсан санагддаг. Дараа нь эргэн харж дүгнэхэд, өөрийн хувь нэмрээ оруулж чадалгүй алдсан юм уу даа гэж бодогдсон. Ингээд нутагтаа буцан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай сэдвээр магистр хамгаалан, энэ жил докторын зэрэг хамгаалахаар шамдан ажиллаж байна. Монголд ирэх хүртлээ эзэмшсэн мэдлэг маань ямар хэмжээнд тус нэмэр болохыг мэдэхгүй байсан ч, бодсоноос илүү үр өгөөжөө өгч чадсан. Тиймээс зэрэг хамгаалаад илүү ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй ирсэн гэх үү дээ. Боломж гарвал хөгжиж буй бусад оронд ч энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэн өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн "хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдрахад таатай орчныг хөгжүүлбэл бүгдээрээ амьдрахад таатай нийгэм болно” гэх уриатай ажилладаг даа.



Холбоотой мэдээ