Алтай сум энэ онд 4.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-27 13:54:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын “Сум сурталчлах өдөрлөг” аймгийн төв талбайд боллоо.

Алтай сумын “Сум сурталчлах өдөр”-ийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон сум орон нутгийн удирдах ажилтан, төлөөлөгч, иргэд хөдөлмөрчид оролцов.

Энэ үеэр Алтай сумын хувиараа бизнес эрхлэгч иргэд цагаан идээ, эсгий, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Мөн  нутгийн өв соёл, түүх, уламжлалт ахуйн эд зүйлсийг харуулсан үзэсгэлэн гаргалаа.

Алтай сум нь Алтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж байсан захчин угсаатны бүрдэл болж 1924 онд Эрдэнэ уулын сум нэртэй байгуулагдсан. 1925 онд Бодончийн Бор үзүүр гэх газар байрласнаар “Алтай сум” хэмээн нэрийдэх болжээ.

Улсын Их Хурлын 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Алтай сумын төвийг Боомын ам гэх газарт шилжүүлэн суурьшуулах шийдвэр гарчээ. Улмаар 2009 онд  33 км  нүүж суурьшин  хөгжиж байгаа сумын нэг юм.

Тус сум одоогийн байдлаар 835 өрх, 3292 хүн амтай. 279 мянган толгой малтай. Онцлоход, ноолуурын чиглэлийн Алтай улаан үүлдрийн хэсэг /цайвар нарийн ноолуурт/-ийн ямаа нь сумын нийт ямаан сүргийн 93,7 хувийг эзэлдэг аж.

Тус сумын удирдлагууд хэлэхдээ, Алтай сум 13734 кв.км нутаг дэвсгэртэй. Үүний 150 га газрыг тариалангийн талбай эзэлдэг. Сум орон нутгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбар учраас талбайн хэмжээг нэмэгдүүлэх, услалтын системийг  өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна гэлээ. 

Алтай сумынхан 2019 онд цэцэрлэг, сургуулийн өргөтгөл хийх, Алтангадас багийн төвийн барилга, Бодонч голын гүүр барих, услалтын системийн толгой байгууламжийг шинэчлэн засварлах зэрэг 10 орчим төрлийн бүтээн байгуулалтын  ажил гүйцэтгэжээ. Эдгээр ажилд улсын болон орон нутгийн төсвөөс нийт 4.5 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

"Сум сурталчлах өдөр" үйл ажиллагаа нь хөдөө орон нутагт хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын  ажлын явц, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулах боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо. 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон угсаатны өв соёлыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ дагуу “Олон үндэстэн ястны өв соёл” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд сумдын “Соёлын өдөр-сум сурталчлах өдөрлөг”-ийг  тусгай хуваарийн дагуу зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан Алтай сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран “Сум сурталчлах өдөр” үйл ажиллагааг хийснээрээ онцлогтой юм.

Энэхүү үйл ажиллагаа “Захчин түмний дуулал” урлагийн тоглолтоор үргэлжилж, Алтай сумын 40 гаруй уран бүтээлч оролцлоо.   

Холбоотой мэдээ