“МИАТ” агаарын шинэ хөлөг түрээсээр авч ашиглахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-26 19:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “МИАТ” ТӨХК АНУ-ын “Air Lease corporation” компаниас үйл ажиллагааны түрээсээр “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлөг авч ашиглахаар боллоо.

Энэ талын гэрээнд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Air Lease corporation” компанийн дэд захирал Жэй Чэн нар өчигдөр гарын үсэг зурсан юм. “МИАТ ТӨХК тус агаарын хөлгийг 14 жил түрээслэхээр болж байгаа юм. Энэ онгоц 14 мянга гаруй км-ийн зайд 16-17 цагийн шууд нислэг үйлддэг, түлшний зарцуулалт 20 хувиар бага, суудлын тоо их гээд эдийн засгийн үр ашиг өндөр болохыг салбарынхан хэлж байна.

Тус агаарын хөлгийг ирэх оны тавдугаар сараас нислэгт гаргахаар төлөвлөж, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх тооцоог хийжээ. “МИАТ” ТӨХК хамгийн холын нислэгээ Европын төв цэг, ХБНГУ-ын Франкфурт хот хүртэл хийдэг байна. Ингэхдээ нислэг дамждаг байсан бол түрээсээр авч буй дээрх онгоцоор Европ болон Хойд Америк руу шууд нислэг үйлдэх, Австрали хүртэл нисэх боломжтойг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр онцолж байв.

“МИАТ компани орчин үеийн технологи бүхий, аюулгүй байдал бүрэн хангагдсан агаарын хөлгийг парктаа нэмж буй дэлхийн 78 дахь орон болж байгаа”-г “Air Lease corporation” компанийн дэд захирал Жэй Чэн хэлж байна. Тэрээр дээрх онгоцтой болсноор Монголд агаарын шинэ замууд нээгдэнэ гэдэгтээ илтгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түрээсийн онгоц хүлээн авах ёслолд оролцсон УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, агаарын тээврийн өрсөлдөөн, зорчигчдын эргэлт, гадаад дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түрээсийн хөлөг хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж буйгаа хэлэв. 




Холбоотой мэдээ