Бүрд суманд “Соёлын өдөр”-ийг зохион байгууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-27 20:32:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Боловсрол, соёлын салбараас Бүрд суманд “Соёлын өдөр”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр аймгийн Музейгээс “Монголын түүхээр аялахуй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сурагчдын дунд "Өвөрхангай аймгийг хэр сайн мэдэх вэ" танин мэдэхүйн хөлөгт тоглоомыг тоглууллаа. Мөн 12 жилийн тоолол, цаг тооллын тухай мэдлэг олгон Угсаатны зүйн нүүдлийн музейг үзүүлж сонирхуулсан юм.

Аймгийн Төв номын сангаас шинэ номын үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, монгол гэрийн уламжлалт зан үйлийг хүүхэд багачуудад зааж сургалаа. Түүнчлэн “50 номын уналт” танин мэдэхүйн уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулав.

Аймгийн Хөгжимт драмын театраас МУГЖ Л.Лхасүрэнгийн зохиол "Зааны чихт" хүүхдийн жүжгийг тавьж, жүжиг, сонгодог бүтээл, ардын урлаг, биет бус өвийг сурталчлан таниулсан бол БСУГ-аас соёл, урлагийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм. Өдөрлөгт сумын 400 гаруй иргэн оролцсон байна. 

Аймгийн Засаг даргын "Бүтээлч Өвөрхангай-2020" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ