Байгууллагуудыг монгол бичгээр хаягжуулахад дэмжин тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 14:02:14

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Урлахуйн мөр” төрийн бус байгууллага нь монгол бичгээр хаягжуулахад дэмжин туслах, монгол хэлний зөв бичгийн дүрмийн сургалтуудыг явуулж байна.

2014 онд анх үүсэн байгуулагдсан тус төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй юм. Анх бага ангийн багш О.Сувдаа санаачилан үүсгэн байгуулсан “Урлахуйн мөр” Нийгэмд үйлчлэх ТББ-ын зорилго нь монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.

Албан байгууллага хувь хүнд зөв бичгийн дүрмийн сургалт явуулах, монгол бичгээр бийрэн бичлэгийн сургалт өгөх зэрэг үйл ажиллагааг одоогоор явуулж байна. Тус байгууллагын тэргүүн О.Сувдаа ярихдаа “Албан байгууллагуудыг монгол бичгээр хаягжуулахад дэмжин туслах, ард иргэдэд үндэсний бичиг соёлоо сэргээн сурахад нь сургалтын үйл ажиллагаагаар хангахад манай төрийн бус байгууллагын зорьж байна. Манай байгууллага Өмнөговь аймгийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т монгол хэлний зөв бичгийн дүрмийн сургалтыг 3 удаа явуулсан.  Мөн Цагдаагийн газартай хамтран ажиллаж монгол хэлний зөв бичгийн дүрмийн сургалт явуулж байна. Өмнөговь аймгийн 1-р сургуулийн 10-12-р ангийн 9 сурагчдад монгол бичгийн бийрэн бичлэгийн сургалтыг нэг сарын хугцаатай явуулсан” гэлээ.

Тус байгууллага мөн орон нутгийнхаа дуучдын дуулсан дууны үгийг монгол бичгээр хөрвүүлж өгөх үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ