Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 224 хувьтай тэнцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-27 19:03:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа сэтгүүлчдэд танилцууллаа. Уг төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм.


Төрийн мөнгөний бодлогод Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилтуудыг тусгажээ. Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа доор дурдсан хүчин зүйлсийг үндэслэсэн байна.


Төлбөрийн тэнцэл 2019 онд ашигтай, 2020 онд алдагдалтай байх төсөөлөл байна


Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа: "Нэрлэсэн ДНБ-ийг 2020 онд 41.1 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Эдийн засгийн өсөлт буюу бодит ДНБ-ийг 5.1-6.3 хувьтай байхаар авч үзлээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэж байгаа инфляц 2019 оны эцэст 8 хувь, 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.2 хувьтай байх төлөв ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт энэ жилийн хувьд 7 хувь байх төсөөлөлтэй байна. Төлбөрийн тэнцэл энэ жил ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар ирэх жил 3.2 хувьтай тэнцэх хэмжээнд алдагдалтай байхаар төсөөлж байна. Төсвийн орлого ба тусламжийн дүн ирэх онд ДНБ-ий 29.6 хувьтай, нийт зардал ба цэвэр зээлийн дүн 32.1 хувьтай тэнцэх тооцоо гарсан” гэв. Эдгээр тооцоо судалгаанд Засгийн газраас өргөн барьсан төсөвтэй холбоотой өөрчлөлт орж болзошгүйг тэрбээр онцоллоо.


Инфляцийг дунд хугацаанд 6 хувьд бууруулна


Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь орчимд бууруулах зорилтыг хангасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх юм. Инфляцийн савлагаа сүүлийн хоёр жилд өндөр байгаад мах, шатахуун, хатуу түлш, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ нөлөөлж байна. Махны экспорт дотоодын зах зээл дээрх нийлүүлэлтийг багасгаснаар үнэ савлах болсон. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн савлагаа дотоодын зах зээлд нефтийн үнэ хэлбэлзэхэд хүргэж байна. Нөгөө талаараа гадаад зах зээлийн нөхцөл байдал импортоор дамжин валютын ханшид нөлөөлж болзошгүй. Гадаад хөрөнгө оруулалттай холбоотой дотоод эрэлт 11-12 хувийн буюу маш өндөр өсөлттэй байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалт, дотоодод хэрэгжүүлж буй төмөр зам, дэд бүтэц бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг гадаад зах зээлээс татаж чадвал эдийн засаг, төлбөрийн тэнцэл, валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ жил 6.2 хувь, ирэх жил 6 хувь, ОХУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 1.2 хувь, 2020 онд 1.7 хувь байхаар төсөөлсөн. Евро бүсийн эдийн засгийн өсөлт энэ онд 1.1 хувь, 2020 онд 1.3 хувь байхаар байна. Харин дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 3.2 хувь, ирэх онд 3.5 хувь байхаар төсөөлсөн. Ирэх онд дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд өрнөж буй худалдааны дайн, саарал жагсаалт, гадаад өрийн эргэн төлөлт зэрэг нь төлбөрийн тэнцэлд нөлөөлөх төсөөлөл байна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа.


Монгол Улс ирэх дөрвөн жилд 14 тэрбум ам.долларын гадаад өр төлнө 


Нүүрсний хилийн үнэ энэ онд 74 орчим ам.доллар, ирэх жил 67 ам.доллар, зэсийн үнэ 6000 ам.доллар, алтны энэ жилийн дундаж үнэ энэ онд 1350, ирэх онд 1410 ам.доллар, нефтийн үнэ 64 орчим ам.доллар байх төсөөлөл гарчээ. Төмрийн хүдрийн үнэ 82 орчим ам.доллар байсан нь ирэх жил 73 ам.доллар болж буурна. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нэрлэсэн дүнгээр 29.5 тэрбум ам.доллар байгаа нь ДНБ-ий 224 орчим хувьтай, экспортын орлогын 430 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Үүнээс Засгийн газрын өр хоёр орчим тэрбум  ам.доллар байна. Нийт өрийн тал хувийг буюу 14 тэрбум ам.долларыг 2020-2024 онд эргүүлж төлнө. 14 тэрбум ам.доллар нь өнөөгийн манай гадаад валютын нөөцийг гурав нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ. Засгийн газар эдгээр өр төлбөрийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах үүднээс дахин санхүүжилттэй хослуулан төлөх стратегийг баримталж байна.


Холбоотой мэдээ