Н.Энхбаяр: Жилд нэг удаа олгодог 140 мянган төгрөгийг нас харгалзахгүй болгож өөрчлөх нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-10-01 14:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал” хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо.


Хэлэлцүүлгийг зохион байгуулагч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сургалт, мэдээллийн төвийн тэргүүн Н.Энхбаяртай уулзаж ярилцлаа.


-Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа төлөөлөгчдийн үндсэн чиг үүрэг, зорилтын талаар танилцуулна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 83 ТББ 2019 оны долдугаар сард нэгдэн санал бодлоо солилцоод Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгээд есдүгээр сарын 6-нд энэ асуудлаа хэлэлцэн дүрмээ батлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаа албан ёсоор байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр бидний хүсэлтийг хүлээн авсан Нээлттэй нийгэм форум /ННФ/ -ын дэмжлэгтэйгээр ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 2 дугаар сард батлагдсан. Хуультай болоод 3 жил 8 сарын хугацаа өнгөрсөн ч, нэгдүгээрт хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, хуулийг дагаж гарсан журам, тогтоол нь хуулийнхаа үзэл санааг зарим нэг тохиолдолд зөрчсөн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэт ялгаварлан гадуурхсан байдал байгаа учраас хуулийнхаа үзэл баримтлал дээр шинэчлэл хийе гээд ННФ хамтран энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт ХНХЯ, БСШУСЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний Эрхийн газар гэсэн төрийн байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөл, тэргэнцэртэй, харааны, сонсголгүй гэх зэрэг бүх л төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд ирсэн байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь, нэгд, хуулинд ойлгомжгүй салаа утгатай үг хэллэг байгааг илрүүлэн гаргаж хэлэх, хоёрдугаарт амьдралд хэрэгжихгүй байгаа заалтыг олж илрүүлэх, амьдралд сөргөөр нөлөөлөх заалтыг илрүүлэх, гуравт, сайжруулах шаардлага хуулийн аль зүйл, заалт дээр байгааг илрүүлж, хуулийн шинэчилсэн найруулгаа хийх юм. Улмаар ННФ-ын мэргэжлийн хуульчид боловсруулаад шүүмжээ гаргах юм. Үүнийг нь бид нэг бүрчлэн эргэн судалж үзээд шинэчлэн найруулсан хуулиа зохих газарт хүргүүлнэ.

-Та энэ хуулинд ялгаварлан гадуурхсан заалт байгааг онцолж байсан. Энэ талаар та бодитой жишээ татаж хэлэх үү?

-Тухайлбал, ХБИ-д орон сууцанд амьдарч байгаа бол цахилгаанд нь, гэрт аж төрж байгаа бол түлээ, нүүрсэнд нь зориулж 140 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа олгодог. Хуулинд хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдсан хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж үздэг. Гэтэл үүнийг журам дээрээ 80 хувь болгосон. Мөн /огт хараагүй/ харааны бэрхшээлтэй тэтгэврийн насанд хүрсэн хүнийг комиссоор орох шаардлагагүй гэж үзэн /мөн 80-аас дээш хувь гэж тогтоогүй гэсэн шалтгаанаар/ тэтгэмж олгодоггүй. Иймд энэ хуулийг нас харгалзахгүй болгож өөрчлөх шаардлага байгаа юм. Бид энэ хэлэлцүүлгээр саналаа нэгтгээд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаа хөдөө, орон нутагт мэдээллийн бүх сүлжээг ашиглан түгээн танилцуулна.


Хэлэлцүүлгийн үеэр “Тулга-5” студийн захирал, сэтгүүлч Б.Оргодолтой уулзаж энэхүү хэлэлцүүлгийн талаар түүний сэтгэгдлийг авсан юм.

Тэрбээр, "Энэ хэлэлцүүлэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зайлшгүй шаардлагатай засаж залруулах шинэчлэл хийж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч оюун санааны хувьд энгийн хүний адил гэдгийг жирийн хүмүүсийн олонх нь ойлгож мэдэрдэггүй. Ялангуяа төрийн албанд ажилладаг эрх мэдэл бүхий албаны хүмүүс үүнийг огт ойлгохгүй байдагт харамсдаг. Миний хувьд, сэтгүүлчийн мэргэжлээр ажилласан олон жилийн туршлага, хийсэн бүтээлийг минь үл харгалзан, ялгаварлах тохиолдол цөөнгүй байдаг" хэмээн онцолсон юм.   

Холбоотой мэдээ