“Цусаа бэлэглэх өдөр”-ийг 55 дахь удаагаа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-03 17:00:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн 3-нд тохиодог “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны хамт олон цусаа хандивлах үйлст нэгдэв.

Тус банкны хамт олон авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэндийг аврах үйлст бодитой хувь нэмэр оруулах үүднээс 5 дахь жилдээ эл өдрийг ЦССҮТ-тэй хамтран тэмдэглэв.

ЦССҮТ сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурынхантай хамтран ийнхүү 55 дахь удаагаа зохион байгуулж буй юм. 

Энэ өдөр 70-аас дээш удаа цусаа бэлэглэж буй донор Н.Энхбаатар, Т.Эрдэнэбилэг нарыг “Хүрэл донор”, 100-гаас дээш удаа цусаа өгсөн донор Б.Мөнхбаатарыг “Мөнгөн донор”-оор тус тус өргөмжилж алдаршуулав.
Мөн “Бахархал 10” тэмдгээр донор Н.Ууганхүү, “Бахархал 20” тэмдгээр донор П.Лхамноржин, “Бахархал 30” тэмдгээр донор Д.Баттуяа, “Бахархал 40” тэмдгээр донор Б.Амаржаргал, “Бахархал 50” тэмдгээр донор Л.Энхбаатар нарыг тус тус шагналаа.

Түүнчлэн энэ өдөр Улсын тэргүүний 84 дүгээр дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагчид тус төвтэй танилцав. Сурагчид донорын ач гавьяаны талаар мэдээлэл авах зорилгоор "Сүхбаатар" цус цуглуулах төвд зочиллоо. Тэдэнд төвийн нийтийн ажилтан Д.Дулмаа, Олон нийттэй харилцах менежер Ж.Энхбат нар ЦССҮТ-ийн талаар танилцуулж донор болон донорын гавьяат үйлсийн талаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм.



Холбоотой мэдээ