Бүргэдчдийн тэмцээнд Сагсай сумын бүргэдчин С.Арман түрүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-07 12:46:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо хамтран уламжлалт "Бүргэдчдийн баяр"-ыг тус аймгийн Бугат сумын нутаг "Саят толгой" хэмээх газарт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Бүргэдчдийн баяр бол Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудын нэг юм. Энэ жил Бүргэдчдийн баярыг зохион байгуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд уг үйл ажиллагааг үзэж сонирхохоор Монгол орныг зорин ирдэг гадаадын жуулчдын тоо ч жил бүр өсөн нэмэгдэж байна. Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр 2018 онд Бүргэдчдийн баярыг үзэхээр гадаадын 1200 орчим жуулчин ирж байсан бол, энэ жил хоёр мянгад хүрчээ.

Тэдний нэг Швед Улсын иргэн Степан Ниский юм. Тэрээр, "Миний хувьд Бүргэдчдийн баярыг үзэхийн тулд Баян-Өлгий аймагт ирээд 2 долоо хоног болж байна. Уг үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байгаа. Сэтгэгдэл маш өндөр. Залуу бүргэдчид, настай бүргэдчид гээд янз бүрийн насны хүмүүс тэмцээнд оролцдог юм байна. Бүргэдчдийн тэмцээн үзэхээс гадна худалдааны цэгүүдээр орж дурсгалын зүйлс худалдан авлаа. Үнэхээр гайхалтай байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Бүргэдчдийн баярын хамгийн гол үйл ажиллагаа бол бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа харуулан өрсөлддөг тэмцээн юм. Тэмцээний явцад бүргэдийн ан агнах чадварыг ангийн чихмэл буюу туламд буулган шалгадаг. Түүнчлэн баярын үйл ажиллагааны үеэр казахын ард түмний үндэсний тоглоом болох тулам булаах /көкпар/, морин дээрээс мөнгө шүүрэх /тенге илу/, хүүхэн хөөх /кыз хуар/ зэрэг тэмцээн болон сур харваа, тэмээн уралдааныг ч энэ үеэр үзэж сонирхох боломжтой юм. 

Энэ удаагийн Бүргэдчдийн баярт Баян-Өлгий аймгийн 13 сумаас 141 бүргэдчин оролцож өрсөлдлөө. Тэдний дотор бүргэдчдийн анхны тэмцээнээс эхлэн тасралтгүй 20 дахь удаагаа оролцож буй Р.Нургайып, Б.Далайхан тэргүүтэй туршлагатай бүргэдчид ч олон байлаа.



Б.Далайхан: "Өнөөдөр 20 дахь удаагийн Бүргэдчдийн баяр сайхан болж байна. Алтай сумаас бүргэдчдийн тэмцээнд оролцохоор 10 бүргэдчин ирсэн. Миний хувьд бол Бүргэдчдийн баярыг анх зохион байгуулалцаж байсан хүмүүсийн нэг. Энэ удаад 20 дахь удаагаа тэмцээнд оролцож байна. Баярт оролцох бүргэдчдийн тоо нэмэгдэж, насны хувьд залуужиж байгааг хараад баярлаж сууна".   


Бүргэдчид хоёр өдрийн турш бүргэдээ гаршуулсан, анд сургасан байдлаа сорьсноос Сагсай сумын бүргэдчин С.Арман тэргүүллээ. Харин удаах байруудыг Алтанцөгц сумын бүргэдчин А.Шаймурат, Дэлүүн сумын Бүргэдчин М.Өней, Алтанцөгц сумын бүргэдчин Ж.Сайлау нар удаах байруудад шалгарлаа. 

Холбоотой мэдээ