ОУИМ Г.Ганжаргал таван цувралын дөрөвт нь түрүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-08 16:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даамын “Намрын Гран при-2019” тэмцээнд ОУИМ Г.Ганжаргал /“Ирээдүй” клуб/ авбал зохих 18 онооноос 15 оноог авсан амжилтаар ээлжит түрүүгээ авч алтан медаль хүртлээ.


Тэрбээр Дээд лигийн сүүлийн таван цувралын дөрөвт нь ийнхүү түрүүлээд байна. Нээлттэй ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) нар удаалжээ. Харин Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Ц.Хашчулуун (“Дебют” клуб), Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), ОУИМ Б.Мөнхжин (BBH компани), спортын мастер А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), С.Мөнх-Оргил (“Хасу-Мегастарс” клуб) нар шагналт IV-VIII байр эзэлсэн.

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн “Намрын Гран при 2019” 10 дугаар сарын 4-6-нд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн байранд зохион байгуулсан юм. Тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцар системээр 9 өрөг тоглож шилдгүүдээ тодруулжээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб), ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), спортын мастер Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб) нар эхний 3 байрт шалгарлаа.

Харин ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх (БЗД), дэд мастер Б.Алагаа (СБД), өсвөрийн U-17 насанд Г.Дүүрэнбилэг (“Ирээдүй” клуб), Б.Энхрийлэн (“Шавь” клуб), U-14 насанд С.Болор (Өмнөговь), Э.Хүслэн (“Алтан хүү” клуб) нар тус тус шагналын эзэд боллоо.     



Холбоотой мэдээ