Шилдэг багш нараа шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-09 10:39:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн “Шилдэг төрийн албан хаагч шалгаруулж, урамшуулах журамд үндэслэн 2019 оны “Шилдэг багш” нарыг тодруулан шагнаж урамшууллаа.

Энэхүү журамд заасны дагуу “Шилдэг багш”-ийн шалгуурыг хангасан багш нарыг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг ажээ.

2019 оны “Шилдэг багш”-аар “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн физикийн багш Ж.Долгорсүрэн, “Цэгц билиг” сургуулийн түүх нийгмийн багш Т.Мөнхбат, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Тогоохүү, Эрдэнэдалай сумын ЕБС-ийн математикийн багш П.Болормаа, МСҮТ-ийн мужааны багш А.Цогбадрах. Сайнцагаан сумын гуравдугаар цэцэрлэгийн туслах багш Б.Гандулам нар шалгарчээ.

Мөн аймгийн “Математик” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн сурагчдын онооны дундаж үзүүлэлтээр шалгарсан “Цэгц билиг” сургуулийн математикийн багш Д.Бямбасүрэнг мөн 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

Мөн энэ үеэр “Цэгц билиг” сургуулийн багш Ц.Цэвэлмаа, сургалтын менежер Ж.Баяртогтох нар “Хөдөлмөрийн хүндэт” тэмдгээр шагнуулсан төдийгүй ажилдаа амжилт гаргаж, хамт олноо хошуучилсан багш, ажилчид 40 орчим хүн “Боловролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, БСШУСЯ-ны “Жуух бичиг”, аймгийн “Хүндэт  тэмдэг”-ээр тус тус шагнуулсан байна.

Харин “Багшийн алдар” сангаас онцлох амжилт гаргасан багш О.Эрдэнэтөгс, Р.Дэндэв, Төнхбат, Э.Тогоохүү, Г.Саранчимэг, Л.Оюунгэрэл, Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэн нарыг тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнажээ.

Холбоотой мэдээ