Л.Буяннэмэх: Бид эх хэлээрээ зөв ярьж, бичдэг иргэн төлөвшүүлэх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-09 14:18:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Л.Буяннэмэхтэй ярилцлаа.


-Танд өнгөрсөн ч гэсэн Монголын багш нарын баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа.


-Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-1998 онд Улсын Багшийн их сургуулийг төгссөнөөс хойш 21 дэх жилдээ багшилж байна.


-Энэ жилийн багш нарын баяраа ажил бүтээлийн тухайтад хэрхэн угтав?

-Багш нарын баяраа шавь нарынхаа гаргасан амжилтаар угтлаа. Жил бүрийн баяр бол өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж эхэлсэн цаг хугацааны заагт болдгоороо онцлог. 2019 онд Багшийн сургуулийн нэрэмжит Үндэсний бичгийн олимпиадад 11г ангийн сурагч Б.Хосбаяр дэд байр, 7а Б.Намуун тэргүүн байр, ”Бичиг үсгийн байр-2019” тэмцээнд 9б Г.Хонгорзул, Зөв хурдан унших тэмцээнд 2 жил дараалан тэргүүн байр эзэлсэн. Бас Монгол хэл бичгийн олимпиадын хоёрын даваанд өөрөө тэргүүн байр эзэлсэн. Энэ жилийн багш нарын баярын нэг онцлог нь хамт олон маань Монголын багш нарын 53 дахь өдрийн баярын хүндэтгэлийн тоглолтыг бэлтгэж амжилттай зохион байгууллаа. Ёстой л Ш.Сүрэнжав найрагчийн хэлснээр “Клубт очвол жүжигчин” гэдэг мөр өөрийн эрхгүй л санагдаж байлаа. 


-Хүүхдүүдэд үргэлж шинэ мэдлэг, шинэ санааг олгодог, түгээдэг хүн нь багш шүү дээ. Энэ хүрээнд Та ажилдаа ямар шинэлэг санаа, арга барилыг нэвтрүүлж, түгээж ажиллаж байна вэ?

-Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой учир ялгаатай байдалд нь тулгуурлан хичээлээ заахыг эрмэлздэг. Заах арга зүйн хувьд уламжлал, шинэчлэлийг хослуулахыг чухалчилдаг. Учир нь үндэсний бичгийн хичээлээр уламжлалт аргазүйг ашиглах нь тохиромжтой санагддаг. Хичээлийн 40 минутад бичих, унших, хөрвүүлэх үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөдөг. Дан бичүүлэх юм уу, хөрвүүлэх дасгал хийгээд байхаар уншлагын хурд буурдаг. Тиймээс аль алийг нь хослуулбал үндэсний бичгээрээ сайн уншдаг, бичдэг болдог. Уран зохиолын хичээлийг илүү амьдралтай холбон заахыг хичээдэг. Зохиолын баатрын оронд байсан бол чи яах вэ? Өөрөөр байх боломж байсан уу? цаашид яах бол? гэх мэт асуулт асууж, харилцан ярилцах аргыг чухалчилдаг даа.


-Хүүхдийг судална гэдэг бас оньсого мэт....?

-Хүүхэд бол бүх зүйл нь царайд нь, нүдэнд нь туссан гэрэл гэгээ гэж боддог. Багш бүр судлаач гэдэг шүү дээ. Тиймээс тэдний нуугдмал авьяас чадварыг илрүүлнэ гэдэг нэг талаас оньсого тааж буйтай ижил юм. Тэр гэгээн цагаахан инээмсэглэлийн цаана бидний ирээдүй нуугдаж байдаг. Хүүхэд бүр адилгүй заасан хичээлийг маш хурдтай ойлгодог хүүхэд байхад удаан ойлгож, удаан мартдаг хүүхэд ч байх жишээтэй. Тэдний ялгаатай байдлыг илрүүлэн заах аргаа өөрчлөх нь л оньсогын хариу юм даа.


-Сурагчдын сонирхлын чиг хандлагыг багшийн нүдээр харахад аль зүгт юм шиг харагддаг вэ?

-Мэдээж орчин үеийн технологийн их хурдтай үеийнхэн учир бидний хүүхэд үеийнхээс тэс ондоо, хурдтай хувирах чадвартай, тэд шинийг эрэлхийлсэн ном унших дуртай, өөртөө итгэлтэй ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн “Би бол Монголын ирээдүй 10, 20, 30 жилийн дараа энэ сайхан орныг авч явах иргэд” гэдгээ эртнээс мэдэрч байгаа мэт санагддаг. Тийм байгаа гэдэгт итгэлтэй байна.


-Сурагчдын ЭЕШ болон сурлагын чанарын талаар таны байр суурийг сонсмоор байна?

-ЭЕШ гэдэг бол тухайн сурагч 12 жил юу сурснаа шалгуулж байгаа үзүүлэлт. Хэдийгээр олон төрлийн шинжлэх ухааны хичээл үзээд 3-4 хичээлээр өгч байгаа ч ЭЕШ-ын оноогоор сургалтын чанарыг үнэлэх нь өрөөсгөл юм. Сурлагын чанарт ахиц гарахад сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдал, багшийн заах арга зүй, сурагчийн хичээл зүтгэл, эцэг эхийн оролцоо маш чухал.


-ЭЕШ өгөх бүх сурагч монгол хэл бичгийн шалгалт авдаг болсон. Энэ нь монгол хэл бичгийн хичээлд хандах сурагчдын хандлагад ямар нөлөө үзүүлж байна гэж үздэг вэ?

-Хэл бичгийн шалгалтыг элсэлтийн шалгалт өгч буй бүх хүүхэд өгдөг болсон нь маш их давуу талтай байгаа. Хүүхдүүдийн монгол хэлний хичээлд хандах хандлага эрс өөрчлөгдөж, тэдний зохион найруулах чадвар сайжирсан. Хэл бичгийн шалгалтыг босго оноотой болгосон нь хамгийн давуу тал. Цаашид энэ шийдвэрээ баримтлаасай гэж хүсч байна. Учир нь 2017, 2018 онд энэ шалгалт босго оноогүй байсан нь сөрөг нөлөө ихтэй байсан. Бид эх хэлээрээ зөв ярьж бичдэг иргэн төлөвшүүлэх нь чухал. Эх хэлэнд маань бидний өвөг дээдсийн бүх үнэт зүйл, монгол хүний эрхэм чанар оршин байдаг.

 

-Монгол бичгийн хичээлийн чанар, монгол бичгийн хичээлийн сурах бичгийн хангалт ямар байна гэж үздэг вэ?

-Үндэсний бичгийн сургалтын чанар жил ирэх тусам дээшилж байгаа. Багш нар маань аргазүй сайтай чадварлаг болсон. Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос гэдэг дээ. Ахлах ангид үндэсний бичгийн хичээлийн цаг нэмэгдсэн нь сургалтын чанарт эерэгээр нөлөөлөх нэг үзүүлэлт болж байна. Сурах бичгийн тухайд бол хүрэлцээ хангамж муутай 3-4 сурагч дундаа нэг сурах бичигтэй байна. Бид хүүхэд бүрийг хичээлийн хэрэглэгдэхүүнтэй байлгахыг хичээж, олшруулан тараадаг. Гэвч байнга олшруулах боломж хомс. Энэ хичээлийн жилд хүүхэд бүрийг сурах бичгээр хангана гэсэн сайхан мэдээ биелэлээ олохыг хүлээж байна.


-Орон нутгийн багш нарт тулгамддаг асуудал юу байдаг вэ?

-Цахим орчноос бүх мэдээллийг авах боломж бүрдсэн учир харьцангуй бэрхшээл багасаж байгаа. Гэвч алслагдсан суманд тухайн мэргэжлийн ганц багш ажилладаг. Цахим орчноос шинэ мэдээлэл тэр бүр авч чаддаггүй. Харин аймгийн төвийн сургуулиудын хувьд элсэлт их байдаг учир давтлага хийх, дугуйлан хичээллэхэд анги танхимын хүрэлцээ хомс байдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ