Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д албан ёсоор айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-10 11:46:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улс (БНКУ)-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна.


Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКУ-ын нийслэл Нур-Султан хотын "Нурсултан Назарбаев" олон улсын нисэх буудалд газардлаа. Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж хоёр орны төрийн далбааг мандуулав. 


Албан ёсны айлчлал энэ сарын 10-12-нд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-ын Анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана.

Холбоотой мэдээ