Улиастайн нэгдүгээр цэцэрлэг хүүхдүүдэд амьдрах ухааны дадал олгож байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-10 22:25:25

Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг хүүхдүүддээ өдөр бүр анги сонголтоор хичээллэх амьдрах ухааны дадлыг олгож эхэлжээ.

Тус цэцэрлэгт энэ жил 360 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд өглөө бүр ангиуд ээлжээр эцэг эх, үе тэнгийнхнээ дуу дуулж хүлээж авдаг байна. Мөн анги бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд элс усны, шагайн тоглоом, эмч, тогооч, математик Q, хөдөлгөөн эрүүл мэнд, зам тээврийн гэсэн ангиудтай аж. Өдөр бүр ангиуд өөрсдийн сонголтоор дээрх ангиуддаа хичээллэдэг бөгөөд хүүхдүүдэд сонирхолтой байдаг. Тухайлбал зам тээврийн анги гэхэд замын хөдөлгөөнд хүүхдүүд хэрхэн оролцох, зам тээврийн ослоос яаж өөрийгөө хамгаалах, эрүүл мэндийн анги гэхэд эрүүл зөв хооллолт, хөдөлгөөнт гимнастикийг заадаг. Түүнчлэн элс усны анги гэхэд байгалийн зүй тогтол, усаа хэрхэн хайрлах, элсээр хийх тоглоом наадгай, элсний ач тусыг хүүхдүүдэд танин мэдүүлдэг байгаа. Тогоочийн анги гэхэд насны онцлогт нь тохируулж гурил зуурах, буузны гурил элдэх, ногоо арилгах гээд суралцдаг. Ер нь хүүхдийг багаас нь амьдрах ухааны зөв дадалд сургах нь чухал юм. Тиймээс эдгээр ангиудыг тухайн ангийнх нь нэршлээр манай багш нар өөрсдөө тохижуулсан байгаа. Анги сонголт хүүхэд, эцэг эхчүүдэд таалагдаж байгаа. Үр дүн ч гарч байна хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Ш.Батмөнх мэдээлэв.

Хүүхдүүдэд монгол заншлаас зааж сургаж байна

Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг нь үндэсний өв соёлоосоо суралцах боломжийг хүүхдүүдэд олгож хичээлийнхээ хөтөлбөрт монгол наадгайн уламжлалыг оруулаад хоёр жил болж байна.

Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн 360 гаруй хүүхэд монгол наадгайгаар тоглож уламжлалт өв соёлоосоо суралцаж байна. Хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу насны ангиллаар нь Монголын уламжлалт шагайн наадгай, оньсон тоглоом, арьсан дээрх монгол зургийн гайхамшгийг хүүхдүүддээ зааж сургаж байна. Түүнчлэн монгол үндэсний хоол хийх арга, монгол зан заншил хүндэтгэх ёс, золгох ёс, хоол зооглох ёс, хувцас өмсөх, урлах, дээдлэх ёс, монгол ардын үлгэр туульс, дуу гэхчлэн монголчуудын уламжлалт зан заншлыг насны онцлогт нь тохируулан заадаг байна. Мөн жил бүрийн уламжлалт цагаан сарыг угтаж “Үндэсний уламжлалаа дээдэлье” өдөрлөгийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд гэсэн төрлөөр хамтран зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэхүү өдөрлөгөөр хүүхдүүдийн дунд алаг мэлхий өрөх, шагай няслах, таалцах, морь уралдах, бөх барилдах зэрэг төрлөөр уралдаан явуулдаг. Харин эцэг эхчүүдийн дунд язгуур урлаг буюу хөөмий, исгэрээ, бий биелгээ, хулсан хуур, монгол ардын дуу, асуулт хариулт гэсэн төрлөөр уралдааныг явуулдаг. Мөн үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон гэр бүлийг шалгаруулдаг уламжлалтай. Хүүхдэд багаас нь үндэсний өв соёлыг танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх нь чухал. Тиймээс манай цэцэрлэг үндэсний хувцас, уламжлалт тоглоом наадгай, язгуур урлагаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд эцэг эх, багшийн оролцоог нэмэгдүүлж хүүхдүүдтэйгээ хамтран ажилладаг хэмээн нэмж дуулгалаа.

Холбоотой мэдээ