Авлигатай тэмцэх Азийн туршлагаас хуваалцав

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-10-10 18:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконгод авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь Шударга ёсыг хангах суурь хуулиас эхэлдэг байна. Түүнчлэн АТГ нь хуулиа хэрэгжүүлэхдээ хараат бусаар ажилладаг талаар тус газрын дэд дарга, олон улсын зөвлөх ноён Тони Квок өнөөдөр “Блью Скай” төвд болсон “Авлигатай тэмцэх Азийн туршлага” сэдэвт семинар дээр хэлж байв.

Тэрээр цааш нь, “Жишээ нь, би бол дээрээ 2 даргатай. Хонконгийн захирагч юм уу, АТГ-ын дарга гэсэн 2 хүнд л би захирагдана. Бусдаар над руу ямар нэг сайд ч юм уу, парламентын хэн нэг гишүүн авлигатай холбоотой хэрэг төвгөөр утасдах л юм  бол тэд шууд баривчлагдана. Манайд ийм л хуультай” гэж байв.


“Авлига том, жижиг гэж байдаггүй. Та бүхэн мэдэж байгаа байх, хэдэн жилийн өмнө Африкт жирийн нэг захын худалдаачин өөрийгөө шатаасан. Тэрээр захын цагдаа нарт өдөр бүр нэг доллар өгөхгүйн тулд өөрийгөө золиослосон түүний үйлдэл нь Авлигыг үл тэвчих зарчмын том жишээ юм” гэдгийг онцолж байлаа. Дээрх үйлдэл нь Тунисаас хальж, Африкийн олон орон болон Египет зэрэг Арабын орнуудад “халдварлаж”, тэнд гарсан хувьсгалуудын галыг өдөөсөн жишээг тэрээр дурдаж байлаа. Ноён Тони Квок Азийн болон дэлхийн олон улс оронд АТГ байгуулагдсаныг дурдахдаа, “Энэ бүхэн нь сайшаалтай хэрэг боловч ихэнх АТГ хараат байдалтай, төсөв хөрөнгөөр дутагддаг, үр дүнтэй стратеги чиглэлгүй зэргээс бол доголдолтой ажилладаг”-ийг онцолж байлаа.


Энэ мэтчилэн өнөөдрийн семинарт хуульч, судлаач Л.Галбаатар бүх нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлж чадсан БНСУ-ын авлигатай тэмцэж буй туршлага, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх удирдлагын систем, төлөвлөлт, цахим засаглалыг хөгжүүлж ирсэн Сингапурын авлигатай тэмцэж буй туршлагаас тус бүр танилцуулж хуваалцсан юм.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ