Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-10-11 18:13:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12, 13-нд тэмдэглэнэ.

Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Байгаль орчны газар уриалж байна.

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг БОАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд аравдугаар сарын 18-ныг дуустал зохион байгуулж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд маргааш 11:00 цагаас хүрз, хувинтай очиж, тарьсан моддоо арчлах боломжтой юм. Мөн Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг 11:00 цагаас, Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг 13:00 цагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.             

Энэ өдрүүдэд НБОГ-аас “Нандин найзууд” ТББ-тай хамтран Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян дахь ойн сан бүхий газарт цэвэрлэгээний ажлыг маргааш, Монголын Уулчдын үндэсний холбоо, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран “Нэг уулчин-нэг уут хог” ажлыг Богдхан ууланд энэ сарын 13-нд зохион байгуулна.

Энэ үеэр уулчид, уулын клуб, ууланд алхах сонирхолтой иргэдэд "UIAA" олон улсын уулын холбоо болон "Петцел сан", Монголын уулчдын үндэсний холбооноос "Газрын зураг болон компастай хэрхэн ажиллах" талаар сургалт явуулах юм.

Холбоотой мэдээ