БНХАУ-ын 12 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцаллаа

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 12:37:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гадаадын иргэн, харьяатын газар энэ сарын 4-6-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад БНХАУ-ын 69 иргэн хамрагдсанаас “Монгол туйвар транс” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан нэг иргэнд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна. Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заасан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэжээ.

Гадаадын иргэн, харьяатын газар хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан болон байгууллагын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион тогтмол байгуулж байгаа аж.



Холбоотой мэдээ