Ерөнхий сайд БНКУ-д айлчилж Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурав

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2019-10-13 12:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан, Абу Даби, Минскт Элчин сайдын яам, Манжуурт Консулын газар нээх болсон, Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д албан ёсоор айлчилсан зэрэг үйл явдал өрнөснөөр Монголын улс төрийн нэгэн долоо хоног өнгөрч байна. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин шахмал түлшний хэрэглээний асуудлын талаар мэдээлсэн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийн талаар ОУПХ-ноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийтэд танилцуулсан нь ч олны анхаарлын төвд байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулна



Засгийн газрын энэ сарын 9-ны ээлжит хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгалаа. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон ирэх сарын 1-нээс өмнө нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Үүнд нийт 6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм.


Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, "Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлш гэр хорооллын иргэдэд борлуулсан. Нийслэлийн гэр хорооллын 110 мянган өрхөөс авсан судалгаагаар энгийн, уламжлалт зуух ашиглаж байна гэсэн судалгаа бий. Тиймээс гэр хорооллын өрхүүд бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах, стандарт бус зуух ашиглахгүй байх шаардлага тулгарч байна" гэлээ.


Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна



Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулахаар болов. 
Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэх, ажлын байраар хангах зорилготой энэхүү паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болсон байна.


Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах цогц ажил өрнүүлнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.


Абу Даби, Минск хотод Элчин сайдын яам, Манжуурт Консулын газар нээнэ



УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Минск хотод Элчин сайдын яам, БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээх тогтоол батлав.


АНЭУ нь Монголд 2016 онд Элчин сайдын яамаа нээсэн. Харин манай улс АНЭУ-д Элчин сайдын яам нээснээр Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоох боломж бүрдэх аж. АНЭУ нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох бүрэн боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ.


Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтын тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн орон юм. Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо Монгол Улсад бий. Энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Беларусь улсад Элчин сайдын яамтай болсноор хил, гааль, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.


Манжуур нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог. 2017 онд давхардсан тоогоор Монголын 148 мянга 912 иргэн, 2018 онд давхардсан тоогоор 256 мянга 769 иргэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор дамжиж Манжуурт зорчсон байна. Тиймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээснээр тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно хэмээн Засгийн газар үзэж буй юм. Манжуур дахь Консулын газрыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.


ОУПХ-ноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг танилцууллаа



Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ОУПХ-ноос ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг энэ сарын 10-нд олон нийтэд танилцуулав. ОУПХ-ны ажлын баг энэ оны зургаадугаар сарын 5-7-нд Монгол Улсад ажиллаж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалсан юм.

Дүгнэлт зөвлөмжид:

1. Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, 3 ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна гэж үзсэн.

2. Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.

3. Тагнуул 3 ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.

4. Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

5. Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.

6. С.Зоригийн гэр бүл, өмгөөлөгчид, Түр хороонд 3 шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.

7. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголыг эрх баригчдад уриалсан байна.

8. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзсэн байна.

9. Энэ сарын 13-17-нд Белград хотод ОУПХ-ны 141 дүргээр чуулганд Түр хорооноос ирүүлэх тайланг хэлэлцэнэ. ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос Монгол Улсад 2019 оны зургаадугаар сарын 5-7-нд ажилласан тайланг УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст есдүгээр сарын 6-нд ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу энэ сарын 4-нд  Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариу өгөх хугацаа хэтэрсэн ноцтой алдаа гарсанд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна хэмээсэн байна.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шинэ хэсэг, заалт оруулахыг хориглов



УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг батлах тухай УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй зэрэгцэн УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзснээс бусад шинэ хэсэг, заалт оруулахгүй байх нэмэлт оруулсан” хэмээв.


Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх бол “нэмэлт, өөрчлөлтийн эхийг зөвшөөрнө, татгалзана” гэснээс өөр асуудлаар санал асуулга явуулахыг хориглох заалт тусгаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор баталгаажуулах зохицуулалт оруулжээ. Уг хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.8 хувь дэмжиж, батлав.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д айлчлав



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улс (БНКУ)-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад энэ сарын 10-12-нд албан ёсоор айлчиллаа.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКУ-ын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин  нар Нурсултан хотноо энэ сарын 10-нд албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв. 2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Мөн 35 сая. ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв.



Хэлэлцээний үеэр Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хот, Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав.



Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-ын анхны Ерөнхийлөгч- Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн үеэр хоёр бизнес форумд оролцлоо. Бизнес форумын үеэр бизнес эрхлэгчид "Алт мөнгө, үнэт металл, цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээнд гарын үсэг зурлаа.



Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өглөө.


Ө.Энхтүвшин: Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бодлогоос ухрахгүй



УИХ-ын чуулганы энэ сарын 11-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Сайжруулсан түлшний хэрэглээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.


Нийслэлийн гэр хороолол 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байв. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан юм. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлан хэрэгжүүлж, Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалгын Ногоон зээл хөтөлбөрийг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017- 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбосноор түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулжээ. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд иргэд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлт эдэлжээ. 2019 оны 11 дүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Нийслэлд хэрэглэдэг 1.1 сая тонн түүний нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр орлуулах ажлыг эхлүүлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.


Тэрбээр, “Сайжруулсан түлшийг зургаан дүүргийн 332 борлуулалтын цэгт 66 мянга 328 тонн түлш хүргэснээс 25 мянган тонныг борлуулсан. Одоо 464.1 тонн түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд түлш худалдан авах 210 мянган картыг тараажээ. Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, иргэд нас барсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, тодорхой чиглэл гарган ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 3-10-нд угаарын хордлогын улмаас 77 өрхийн 169 хүн, үүнээс 73 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ өдрүүдэд зургаан хүн, бага насны хоёр хүүхэд нас барсан туйлын харамсалтай хэрэг гарлаа. Сайжруулсан түлш борлуулдаг 17 цэгээс 23 дээж авч, лабораторид шинжлүүлж, дүнг нь танилцуулсан. Мөн ОХУ, Солонгос, Япон улсад шинжлүүлэхээр явуулсан. Иргэдэд зуухны аюулгүй ажиллагааны зөвлөмжийг тасралтгүй хүргэж байна. Засгийн газрын хуралдаанаар 220 мянган өрхөд угаарын дохио мэдрэгчийг ирэх 11 дүгээр сарын 1-ээс өмнө төлбөргүй тараах шийдвэр гаргасан. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бодлогоос ухрахгүй” хэмээв.



Танилцуулгын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газар болон агаарын бохирдлыг бууруулах чиглэл өглөө. Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулах бодлогод хяналт тавих оролцогч талуудын хөндлөнгийн зөвлөл байгуулахыг чиглэл болгож байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь” судалгаа, зөвлөмжийг судлан, богино болон урт хугацааны бодлогуудын талаар дүгнэлт гаргах ёстой" гэлээ.

Холбоотой мэдээ