Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх эрхийг “Фүжи девелопмент”-д шилжүүлэхийг хүслээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-10-14 14:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн II хороонд байрлах Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл зогсоход хүрсэн талаар өнөөдөр “Фүжи девелопмент” компанийн удирдлагууд болон иргэд мэдээлэв.


Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөх төслийг “Фүжи холдинг” компани хэрэгжүүлэх болж, 2015 онд батламжаа гардсан. Гэвч барилгаа барих санхүүгийн боломжгүй байсан тул “Фүжи деволопмент” компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийг эхлүүлжээ. Одоогоор 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт зургаан байр барихаас эхний барилга ашиглалтад орсон бол хоёр дахь нь 85 хувь, гурав дахь 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нэхмэлийн дээрх байруудад нийт 256 өрх амьдарч байсан бөгөөд ашиглалтад орсон эхний байранд 27 өрх орсон бол хоёр дахь барилгад 130 айл оруулахаар төлөвлөсөн гэдгийг “Фүжи деволопмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Наранболд мэдээлэв.


Тэрбээр, “Төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Фижи холдинг” компанид хувьцаа эзэмшигчдийн маргаан үүсч, улмаар “Фүжи холдинг” ББСБ нь татан буугдсан. Тиймээс манай компани тус төлсөөс гарах санал тавьсан ч иргэд дахин төлөвлөлтийн төслийг дуусгах хүсэлт ирүүлсэн юм. Гэтэл “Фүжи холдинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан ХЗДХ-ийн сайдыг огцруулах өөрийн хувь хүний тэмцэлдээ манай компанийг хутгалдуулан, “Ц.Нямдоржийн гарын хүмүүс” хэмээн гүтгэлээ. Энэ мэдээлэл үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээв. Мөн “Фүжи холдинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайханыг ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ дурдсан юм.


“Фүжи девелопмент” компанийн ерөнхий захирал Н.Мөнхбаяр, “Дахин төлөвлөлтийн байранд орж буй өрхүүдэд орон сууц өмчлөх эрхийн бичиг буюу ордер гаргахаас эхлээд төсөлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд энэ компанийн тамга тэмдэг шаардлагатай болдог. Гэтэл “Фүжи холдинг” компани хувьцаа эзэмшигчийн маргааны улмаас үйл ажиллагаа нь доголдож, төсөл зогсоход хүрсэн. Тиймээс дахин төлөвлөлтийн эрхийг манай компани шилжүүлэн авах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно” гэлээ.


Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд хүргүүлэх хүсэлтийг дэмжиж, Нэхмэлийн байруудын 130 өрхийн төлөөлөл гарын үсэг зурсан байна. Нэхмэлийн өрхүүд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа юм. Тиймээс өөрийн орон сууцандаа богино хугацаанд орохын тулд “Фүжи деволопмент” компанийг дэмжиж, төслийг бүрэн хэрэгжүүлэхийг хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагуудаас хүссэн юм.

Холбоотой мэдээ