Мас-рестлингийн дэлхийн аварга шалгаруулах VII тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-31 18:21:10

 Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн” Архангай аймагт эхэллээ.


Олон улсын мас-рестлингийн холбооноос  Монгол Улсад энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг өнгөрсөн онд олгосон. Энэ хүрээнд ССАЖЗЯ, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын мас-рестлингийн холбоотой хамтран өнөөдрөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд насанд хүрэгчид болон өсвөр үе гэсэн ангиллаар зохион байгуулж байна. Дэлхийн хэмжээний тэмцээнийг анх удаа орон нутагт зохион байгуулж буйгаараа онцлог тус тэмцээнд дөрвөн тивийн 33 орноос нийт 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцож байна. 

 

Уг тэмцээн дэлхийн олон орны шилдэг тамирчдын авьяас чадвар, тэсвэр хатуужлыг сорих, шинэ дээд амжилтуудыг тогтоох боломжтой өрсөлдөөн ихтэй, сонирхолтой уралдаан болох төлөвтэй байна. Түүнчлэн соёлын тоглолт, үзүүлбэр, бэсрэг наадам, мөн Архангайн байгалийн үзэсгэлэнт газар, халуун рашаан үзэх аяллын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэмцээнийг Монголын “ТВ-9” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх бол ОХУ-ын спортын төв суваг “Матч ТВ” олон улсад сурвалжилна.

 

Мас-рестлинг буюу “модон барилдаан” нь ОХУ-ын Саха Якутын үндэсний спортын төрөл бөгөөд “мас” гэдэг нь якут хэлээр “мод” гэсэн утгатай. Энэ спорт нь нүүдэлчин ард түмний биеийн тэнцвэр, хүч чадлыг сорьж ирсэн олон зуун жилийн түүхтэй аж.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ